• Зурхай

Багш нарын баярыг өнөөдөр тэмдэглэх үү?

2013 оны 10 сарын 4

Өнөөдөр дэлхийн багш нарын баярын өдөр. Дэлхийн олон улс оронд энэ өдрийг багшийг хөгжүүлэх өдөр болгон тэмдэглэдэг ажээ. Нийслэлийн зарим сургуулийн сурагчид өнөөдрийг багш нарын өдөр хэмээн ойлгож, эцэг эхээсээ бэлэг нэхсэн тохиолдол гарав. Тэдний хувьд Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй нэгтгэсэн гэж  ойлгож байгаа  нь зөв эсэхийг нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ:

-Өнөөдөр дэлхийн багш нарын өдөр нь үнэн. Гэхдээ үүнийг Монголын багш нарын баяртай хамтатган тэмдэглэж буй хэрэг биш. Багш нарын өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн хагас сайн өдөр тэмдэглэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг. Тэр тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа.

-Тэгэхээр дэлхийн багш нарын өдрийг манай улс тэмдэглэдэггүй гэсэн үг үү?

-Дэлхийн багш нарын өдрийн хүрээнд маргааш  “1000 багшийн явган аялал” зохион байгуулна. Мөн зарим дүүргийн боловсролын газар, сургуулийн хүрээнд багш нараа хөгжүүлэх чиглэлээр уралдаан тэмцээн, мэтгэлцээн зохион байгуулж байгаа. Түүнээс багш нарын баяр гэж тэмдэглээгүй.

-Монголын багш нарын өдрийг хоёрдугаар сард тэмдэглэх болсон шалтгаан юу юм бол. Хойшид дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэх боломжтой юу?

-Монголын багш нарын өдөртэй үндэсний их баяр цагаан сар давхцах нь түгээмэл байдаг. Тиймээс энэ хоёр өдрийг хамтатгах талаар судалж байгаа. Багш нараасаа санал авна. Түүний дараа яаманд албан ёсоор хандана. Одоогоор нэгтгэх эсэх талаар хариу өгөхөд эрт байна гэлээ.

Д.ЦЭЭНЭ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна