Нэг маягийн зураг төсөл ашиглана

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Нэг маягийн зураг төсөл ашиглана

Засгийн газраас долоо хоног бүр зохион  байгуулдаг  "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтын хүрээнд өнөөдөр Эдийн  засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирэх жилүүдэд "Нэг маягийн зураг" төслийн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Төслийн хүрээнд улсын хөрөнгө оруулалтаар орон нутагт баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг нийгмийн үйлчилгээний барилга, байгууламжуудыг нэг маягийн зураг төслөөр барих юм. Одоогийн байдлаар 129 байгууламжийн зураг төслийг боловсруулжээ.

Нэг маягийн загвараар барих барилга байгууламжийг салбарын яамд хариуцан зураг төслийг боловсруулж байгаа  аж. Тэд ирэх хоёрдугаар сарын 10-ны дотор зураг төслөө боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин хамгийн олон зураг төсөл хийж  байгаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гуравдугаар сарын 5 гэхэд  зургийн ажлаа дуусгахаар ажиллаж байгаа гэнэ. Эдийн засгийн хөгжлийн сайдын зүгээс яамдыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж, дараа дараагийн төсөв батлах, тендер шалгаруулах ажлаа урагшлуулахыг санууллаа.

Өнгөрсөн хугацаанд орон нутагт баригдсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, байгууламжууд хүчин чадлын хувьд адил  мөртлөө хэтэрхий зөрүүтэй төсөвт өртөгтэй, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний зардал үрэлгэн, барилга бүр хажуудаа бага оврын уурын зуух, бие засах газартай байгаа нь  олон сөрөг үр дагавартай гэж үзсэн байна. Тиймээс  "Нэг маягийн зураг" төслийг хэрэгжүүлж нэг загвар, ижил  стандарт, технологиор барилга байгууламж  барьж, төсвийн хөрөнгийг хэмнэх гэнэ.

Гэхдээ барилга байгууламжийг барихдаа хүчин чадал, хийц, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдал  гэсэн нөхцөлийг харгалзаж "Нэг маягийн загвар зураг"-ийг гаргах юм байна.

Ирэх дөрвөн жилд нийтдээ 2905 барилга байгууламжийн зураг  төслийг 61 тэрбум төгрөгөөр хийх санал ирснээс "Нэг маягийн зураг" төслийг хэрэгжүүлснээр таван тэрбум төгрөгт багтаах тооцоо гарчээ. Тэгэхээр нэг хэв маягийн техник эдийн засгийн үндэслэл,  зураг төслөөр барилга байгууламжийг барих нь цаг хугацаа хэмнэхээс эхлээд  төсвийн үрэлгэн зардлыг багасгах давуу талтай аж.  Жишээ нь 5000-аас дээш хүн амтай сумдад 280 хүүхдийн цэцэрлэг, 640 хүний суудалтай сургууль, 200 хүүхдийн дотуур байр, 22 ортой эмнэлэг, эмийн сан, соёлын төв, спорт заал, агаарын чанарын харуулын  байр, ахуй үйлчилгээний төв зэргийг байгуулах юм байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж