13 настай бүргэдчин охиныг BBC онцолжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

13 настай бүргэдчин охиныг BBC онцолжээ

-Тэр магадгүй Монголын төдийгүй дэлхийд цор ганц бүргэдчин охин байх-

Монголын баруун хязгаар нутагт, Алтайн уулсын бэлээр нутаглах казах үндэстний нэрийн хуудас болдог бүргэдийн ангийн талаар Британийн BBC агентлаг сурвалжлага бэлтгэж, цахим хуудсандаа нийтэлжээ. Тус агентлагийн гэрэл зурагчин Ашер Свиденский нийтлэлдээ 13 настай бүргэдчин охины талаар онцгойлон дурдсан байв. Хүүхдүүдийн дийлэнх нь бүргэдээс айж, ойртохоос зүрхшээдэг бол баруун Монголын казах хүүхдүүд 13 наснаасаа эхлэн бяцхан мөрөндөө бүргэд суулгаж, үнэг, туулайн ан хийхэд суралцдаг нь түүний сонирхлыг татжээ. Монголд хэсэг хугацаанд саатаж, фото сурвалжлага хийсэн тэрбээр бага насны таван хөвгүүн бүргэдийн анд суралцаж байгааг харж, өвөрмөц нэгэн ертөнцтэй танилцсан гэнэ. Тэднээс гадна Ашол-Пан хэмээх бүргэдтэй анчин охиныг дуран авайдаа буулгахыг юунаас ч илүү хүсчээ. “Бүргэдтэйгээ хамт байгаа нь үнэхээр гайхалтай. Тайван амгалан хэрнээ асар их хүч мэдрэгдэж байсан” хэмээн Ашер Свиденский 13 настай казах охины тухай бичжээ. Түүний нийтлэлийг сийрүүлэн хүргэе.

/Энэхүү нийтлэл BBC агентлагийн сайтад өнгөрсөн мягмар гаригт нийтлэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар уншигчдын хамгийн олон share хийсэн контентуудын жагсаалтын тэргүүнд бичигджээ./

Монголын баруун хязгаарт, Алтайн уулархаг бүсэд аж төрдөг казахуудаас өөр бүргэдтэй ан хийдэг улс үндэстэн гэж үгүй. Одоогоор тэнд 400 орчим бүргэдтэй анчид бий. Харин Ашол-Пан бол хашир анчны охин. Магадгүй бүргэдтэй анд суралцаж буй тэндхийн цорын ганц эмэгтэй байх.

Бүргэдтэй анчид -40 хэм хүртэл хүйтэрдэг тэсгим өвлийн хүйтэнд анд гардаг. Ихэвчлэн хэд хэдээрээ нэгдэж, анд гарах бөгөөд морин дэл дээр уул ус гаталж, ойр орчмоо хангалттай сайн ажиглаж болохуйц өндөрлөгт газарт хүрдэг. Ингээд үнэг, туулай зэрэг ангийн байгаа олж хармагц мөрөндөө суулгасан бүргэдийнхээ нүдний хаалтыг авч, сул тавина. Сул тавьсан бүргэд ангаа барьж чадахгүйд хүрвэл дараагийн бүргэдийг хүч хавсруулахаар “илгээдэг” аж.

Бүргэдийн ан хийх чадвар байгалийн ер бусын хүчний нэгэн илэрхийлэл. “Үнэндээ бол бүргэдийг удирдаад байдаггүй. Ан хийлгэхээр сул тавина. Бүргэд ангаа хийнэ. Дараа нь түүнийг хэрхэн мөрөндөө буцааж авчирдаг байж таарах вэ? Үнэхээр л бүгд байгалийн хүчинд захирагдана”.

Бүргэдийг нас бие гүйцээгүй байхад үүрнээс нь авч, тэжээж, ан хийхэд сургадаг. Бие томтойг нь бодолцож ан хийхэд голдуу эмэгчин бүргэдийг сонгодог гэнэ. Нас биед гүйцсэн эмэгчин бүргэд дунджаар 7 кг жинтэй, далавчны урт 230 см болдог байна. Хэдэн жилийн турш тасралтгүй ан хийлгэсэн бүргэдээ эзэн нь хаврын урин цагт нэг л өглөө байгаль дэлхийд нь буцааж тавьдаг. Ингэхдээ уулын оройд бүтэн хонины мах тавьж, олон жил ан гөрөөлөхөд хамт зүтгэсэн бүргэдээ үддэг ёстой гэнэ.

Ашол-Пан охиныг зурагчин залуу нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, эелдэг даруу, ичимхий хэмээн тодорхойлжээ. Өнгөрсөн 2000 жилийн түүхэнд зөвхөн эрчүүдийн хийсээр ирсэн бүргэдийн анд ийнхүү балчир охин суралцаж байгаа дүр зураг түүний сонирхлыг ихэд татсан гэнэ.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж