Азийн пара наадмаас Н.Алтанцэцэг алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Азийн пара наадмаас Н.Алтанцэцэг алтан медаль хүртлээ

БНСУ-ын Инчён хотод болж буй Азийн пара наадмын дөрөв дэх өдөр буюу өнөөдөр/10.22/ жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдсан Н.Алтанцэцэг түрүүлж, Монголын багийн анхны алтан медалийг хүртлээ. Тэрээр Энэтхэгийн бөхийг ялж, шигшээ барилдаанд Тайландын Нантаракыг яллаа. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Хашцэцэг нар хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа медалийн тоог нэмлээ.

Монгол Улсын баг тамирчид гурван өдрийн дараах байдлаар жүдо бөх, буудлага, хөнгөнатлетик төрлүүдээс 1 алт, 1 мөнгө, 6 хүрэл, нийт 8 медаль хүртээд байна.

Тодруулбал жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-д Н.Алтанцэцэг АЛТ, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү МӨНГӨ, 66 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг, 70 кг-д Б.Хашцэцэг, буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 ангилалд Г.Цогтгэрэл нар ХҮРЭЛ  медаль хүртээд байна.

Энэхүү наадмаас хамгийн олон медалийг хүртээд байгаа жүдо бөхийн шигшээ багийг Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нар дасгалжуулж байна. Мөн тэмцээний эхний өдөр буюу аравдугаар сарын 19-нд хүрэл медаль хүртсэн буудагч З.Ганбаатар “Рио-2016” паралимпийн эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд аваад байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж