NEWS бас нэгэн түүх бичлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.03-нд нийтлэгдсэн

NEWS бас нэгэн түүх бичлээ

“News” агентлагийн 10 жилийн ойн арга хэмжээ өчигдөр Туушин зочид буудалд бүтэн өдрийн турш болж өнгөрлөө. Салбарынхны цугларалт, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлсон сонирхолтой илтгэл, хэвлэлийн салбарынхаа алдаа оноог  хэлэлцсэн ажил хэрэгч форумаас эхлээд улс төр, соёл спортынхон зэрэгцэн сууж “уншигчид” өөрсдийг нь хэрхэн шалгаруулсныг харцгаах тун ч сонирхолтой байлаа. 

“News” агентлагийн 10 жилийн ойн хэвлэлийн бага хурлын үеэр “Мэдээллийн урланд тавтай морил” онлайн гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан бөгөөд агентлагийн зурагчдын 10 жилийн хугацаанд авсан фото архивыг сонирхогчид “ийм үйл явдал болж байсан бил үү” хэмээн өнгөрснийг эргэн санасан халуун яриа өрнүүлж байв.

Хэвлэлийн хурлын үеэр “News Hit” шагналтныг тодруулахаа зарласан бөгөөд өнгөрсөн хугацаанд news.mn сайтын хамгийн олон хандалттай байсан эрхмүүд хүртэх, шалгаруулалтыг ямар нэг санал асуулгаар биш цахим хуудасны гол давуу тал болох тоон статистикт тулгуурлан гаргасан гэдгийг онцолж байв.

Энэхүү “арын хаалгагүй” шагналд Б.Баабар, Б.Цэнддоо, Б.Ганчимэг нарын шилдэг нийтлэлч, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын улстөрч, Д.Оюунхорол, Д.Арвин, С.Оюун нарын эмэгтэй улстөрч, Д.Жаргалсайхан, Б.Лхагважав, С.Дэмбэрэл нарын эдийн засагч, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, “Харанга” хамтлагын дуучин Х.Лхагвасүрэн, дуучин Д.Болд, топ модель Э.Одгэрэл нарын урлаг спортын од, уран бүтээлчид нэр дэвшсэн юм.

 

ЮНЕСКО-гийн “Батламж” гардууллаа

 Хэвлэлийн хурлын үеэр Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс сэтгүүлч уран бүтээлчдийн хамгийн эрхэм шагнал болох “Ган үзэгтэн” цол тэмдгээр “News”  агентлагийн улс төр, эдийн засгийн мэдээллийн албаны сэтгүүлч С.Отгонсүрэн, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр “News” агентлагийн тоймч Б.Энхмандах, зар сурталчилгааны албаны мэргэжилтэн М.Тунгалаг нарыг шагнаж урамшуулав. Олимпийн хорооноос өөрийн хорооны дээд шагнал болох “Олимпийн алдар” медалиараа “News” агентлагийн дэд захирал Д.Нарантуяаг шагналаа. Түүнчлэн “News” агентлаг үүсэн байгуулагдсаны ойг тохиолдуулан ЮНЕСКО-гоос Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч “News” агентлагт “Батламж” гардуулсан юм.

 

“News форум”

“Мэдээллийн эх сурвалж-news.mn” гэдэг үгийг брэнд болгосон “News” агентлагийн 10 жилийн ой форумаар үргэлжлэв. Форумын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Онлайн эрх чөлөө бол хүний эрх чөлөө” сэдвээр илтгэл тавьлаа, Мөн “Онлайн сэтгүүл зүй уламжлалт сэтгүүл зүйн хандлагыг өөрчилж байна” сэдвээр “News”агентлагийн Дэд захирал Д.Нарантуяа, “Дижитал медиа” сэдвээр “Монгол Масс Медиа” группийн захирал А.Амундра, “News vision” сэдвээр “NEWS” агентлагийн Гүйцэтгэх захирал Г.Анархүү  нар илтгэл тавьсан юм.

УИХ-ын гишүүн Л.Болд илтгэлдээ орчин үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зарчмыг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна интернэтэд ч мөн баримтлах ёстой гэх хандлага буй талаар, интернэтийн өргөн уудам орон зайг зөвхөн мэдээллийн хэрэгсэл, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний асуудлаар хязгаарлалгүй бизнесийн асар том бололцоо гэж харж буй талаар илтгэлдээ онцлоод АНУ-ын жишээгээр технологи, интернэтийн шийдлээр загвар болгох тухай асуудал хөндсөн юм.

Дэд захирал Д.Нарантуяагийн илтгэл онлайн сэтгүүлзүй нь уламжлалт сэтгүүлзүйг бүх талаар нь өөрчилж буйг онцолсон бол “Монгол Масс Медиа” группийн Ерөнхий захирал А.Амундрагийн илтгэл нь олон нийтийн сүлжээ нь брэндийг бий болгож чадах олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хувьд илүү давуу тал боломжийг бий болгож байгааг харуулж байлаа.

“NEWS” агентлагийн Гүйцэтгэх захирал Г.Анархүүгийн илтгэл news.mn цаашид ч уншигчдад “бэлэг” барьсаар байхыг итгүүлэв. Мэдээллийг уншигч хайдаг биш уншигчаа мэдээллүүд нь хайж олдог, тухайн хэрэглэгчийн хүссэн мэдээллийг нь багцлан санал болгодог боломжуудыг “news 3.0” олгох аж.  

 

News Hit

Ухаалаг утсанд зориулсан “Ц.Нямдорж” гэдэг аппликейшн байна гээд бод доо. Ийм зүйл үнэхээр  байна. Ньюсийн 10 жилийн бас нэгэн “boom” энэ байлаа. Жишээ нь, News Hit шалгаруулалтын “хамгийн олон удаа хайгдсан” хүнээр тодорсон Ц.Нямдорж утсаараа өөрийнхөө тухай бүхий л мэдээллийг, түүний тухай бичсэн жиргээ, ярилцлага, нийтлэлээ утсан дээрээсээ шууд “Ц.Нямдорж” аппликейшнээрээ ороод л үзэх боломжтой. Хиймэл оюун ухаан түүнийг нь минут тутам цуглуулж, архивлаж байна гэсэн үг.

Хэрэглэгч өөрийн сонирхдог мэдээллээ л олж авах боломжийг бүрдүүлсэн уг аппликейшнийг “Слайд” компаин бүтээсэн бөгөөд цаашид уншигчид та бүхэн ч энэ боломжийг эдлэх боломжтой аж.

News Hit шалгаруулалтын цахим сайтаар “хамгийн олон удаа нэрээ хайлгуулсан” хүнээр тодорсон Ц.Нямдоржид ньюсийнхэн дээрх апп-аар бэлэг барилаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж анхны хэрэглэгч болж буйдаа талархаад, “Би монголоосоо явахгүй, намайг гадаад гарчихна гэж бодоод хайсан бололтой” хэмээн наргиад авсан юм.

Мөн хамгийн олон хандалттай нийтлэлчээр Б.Баабар, хамгийн их уншигдсан улс төрчөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хамгийн их уншигдсан эмэгтэй улс төрчөөр Д.Оюунхорол, хамгийн олон уншигдсан эдийн засагчаар С.Дэмбэрэл, хамгийн олон уншигдсан уран бүтээлчээр топ модель Э.Одгэрэл, хамгийн эерэг мэдээлэлтэй эрхмээр олимпийн аварга Н.Түвшинбаяр нар тодров.

Эдгээр шалгаруулалтыг мөн л “хиймэл оюун ухаан” тодруулсан бөгөөд өнгөрсөн 7 жилийн хугацаанд News.mn сайтын мэдээллийн санд тусгай программаар шүүлт хийгдсэн юм.

Мөн арга хэмжээний үеэр жил бүр агентлагаас тодруулдаг “Оны хүн”-ээр шалгарсан алдартнууд, тэдний бие төлөөлөгчид ирж өргөмжлөлөө гардан авлаа. Тухайлбал, 2004 оны хүн Д.Дагвадорж өөрийн биеэр,  2005,2009 оны хүнээр тодорсон Ц.Элбэгдоржийг төлөөлөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, 2010 оны хүнээр тодорсон С.Батболд өөрөө , 2011 оны хүн дуучин Д.Болдыг төлөөлөн Камертоны Л.Ган-Эрдэнэ,  2013 оны хүн Р.Амаржаргал нар ирж Ньюс агентлагынханд талархлаа илэрхийлсэн юм. Түүнчлэн он оны шилдэг нийтлэлчдийг ч энэ үеэр алдаршуулсан бөгөөд  2005 оны шилдэг нийтлэлч Л.Мөнхбаясгалан, 2006 он А.Алтантуяа, 2007,2010 он Ц.Булганзаяа, 2008 он Д.Оюунцэцэг, 2009 он З.Боргилмаа, 2011 оны шилдэг нийтлэлч Л.Нарантөгс нарт дурсгалын зүйлс гардууллаа., 2013 оны шилдэг бүтээлийн шагналыг Д.Жаргалсүрэн, Г.Нэргүй, С.Отгонсүрэн нар хүртсэн байна.  

Агентлагийн ойд  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Батболд, Г.Уянга, Ц.Нямдорж, Л.Болд, Д.Оюунхорол, С.Баярцогт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, олимпийн аварга Э.Бадар-ууган, Их аварга Д.Дагвадорж, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, топ модель Э.Одгэрэл, эдийн засагч Д.Жаргалсайхан, Б.Лхагважав, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, нийтлэлч Б.Баабар, Б.Цэнддоо, Б.Болдсайхан эмч нарын олон олны танил хүмүүс цугласан юм. Ийнхүү ньюсийнхэн интернэт цахим сэтгүүл зүйн салбарт  бас нэгэн түүх бичлээ.

Б.МАНДАХ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж