Онлайн эрх чөлөө бол хүний үндсэн эрх юм

Хуучирсан мэдээ: 2014.12.03-нд нийтлэгдсэн

Онлайн эрх чөлөө бол хүний үндсэн эрх юм

-УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн үг-

“News agency” агентлагийн 10 жилийн ойн хүрээнд өчигдөр зохион байгуулагдсан “News форум” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлсэн юм. “НҮБ-аас интернэт орчинд хүмүүс эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх нь хүний үндсэн эрх” хэмээн тунхагласныг тэрээр илтгэлдээ онцолсон юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 Монгол Улс мэдээллийн технологийн салбарт үйлдвэрлэгч биш хэдий ч маш идэвхтэй хэрэглэгч орон болтлоо сүүлийн хэдхэн жилийн дотор өөрчлөгдсөнийг та бид мэдэж байгаа. Монгол Улсад Интернэт хэрэглэгчдийн тоо сүүлийн 3 жилд 320% өсч, 2013 оны байдлаар 841 мянгад хүрсэн байна. Энэ бол нийт хүн амын 30 гаруй хувь нь Интернэтэд холбогдсон гэсэн үг.

Өөрөөр хэлбэл манай оронд Интернэт хэмээх сая шахам уншигчтай хэвлэл, мэдээллийн том орон зай болжээ.

Бидэнд өндөр технологи, техник дутагдаж болох ч онлайн эрх чөлөөний хувьд тэдгээр хөгжингүй орнуудаас илүү их бололцоо байгаа нь том давуу тал юм. Ази тивд дэлхийн хүн амын бараг 60 хувь нь амьдардаг ч энэ тивийн ихэнх улс орнуудад интернэтийн эрх чөлөө хязгаарлагдмал гэдгийг бид мэднэ. IT технологиороо Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч Япон, Өмнөд Солонгос л гэхэд онлайн эрх чөлөөний ойлголтоороо бидний ард гишгиж яваа. Дэлхийн олон орныг хамарсан “Онлайн эрх чөлөө эвсэл” гэж байгууллага бий. Энэ эвслийг анх 2011 онд цөөн орнууд санаачлан байгуулахад Монгол Улс гишүүн төдийгүй санаачлагчаар оролцсон бол Азиас Япон улс дөнгөж энэ онд гишүүнээр элссэн. Азиас ердөө гурван улс гишүүнээр элсээд байгаа нь энэ юм.

Энэ жил Монгол Улс Онлайн эрх чөлөө эвслийн даргалагч орноор сонгогдон ажиллаж байна. Бид дарга улсын хувьд Ази тивд онлайн эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх, БНСУ-аас эхлээд цөөнгүй орныг эгнээндээ нэгтгэх их амбици, зорилготой ажиллаж байна.

Яагаад онлайн эрх чөлөө хэрэгтэй талаар, яагаад дэлхий дахинд ийм эвсэл байгуулагдан ажиллах болсныг товч тайлбарлая.  

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл “Онлайн буюу Интернэтийн эрх чөлөө гэдэг бол хүний үндсэн эрхийн нэг” гэдгийг 2012 онд санал нэгтэй зарлан тунхагласан. Одоо энэ эрх, эрх чөлөөг хэрхэн баталгаажуулах вэ гэдэг үйл явц өрнөж байна. Ялангуяа Монголын нөхцөлд онлайн эрх чөлөө өндөр технологижсон орнуудынхаас илүү нээлттэй байгаа хэдий ч хууль эрхзүйн хүрээнд хараахан баталгаажаагүй байгаа нь маш эмзэг байдлыг үүсгэж буйг онцлох ёстой.

Та бүхэн өөрсдийн ажлын туршлага, практик дээрээс энэ байдлыг алхам тутамдаа мэдэрч байгаа байх. Байсгээд л сайтын сэтгэгдэл хаах талаар улстөрчид яриа үүсгэдэг, саяхны жишээ гэхэд л твитерээр жиргэсэн байр сууринаас нь үүдээд нэгэн иргэнийг барьж хорьсон. Эрх чөлөө нь байгаа ч түүнийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчин хэрэгтэйг л энэ бүхэн харуулж буй юм. УИХ-ын гишүүний хувиар миний бие Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах процедурын хууль батлах гэж хэдэн жил гацсан билээ, түүн шиг саад бэрхшээл тулгарахыг ч үгүйсгэхгүй.

Сүүлийн дөрвөн жилд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө хүнийг эрүүгийн хариуцлагад татах өргөдөл гаргасан нийт хүний 90 хувь нь албан тушаалтан байна гэсэн судалгааны дүн байна. Энэ бол жирийн иргэд эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн бодитой хамгаалалт, баталгаа хэрэгтэйг харуулж байгаа юм.

Орчин үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зарчмыг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна Интернэтэд бас баримтлах ёстой гэсэн хөдөлгөөн дэлхий дахиныг хамарч эхлээд байгаа юм. Интернэт эрчимтэй хөгжин тархаж байгаа өнөө үед "кибер орчин» хэмээх мэдээллийн маш том ертөнц бий болсон. 1995 онд дэлхийн хүн амын дөнгөж 1% нь Интернэтэд холбогдсон байсан бол одоо энэ тоо 40% буюу 3 тэрбумд хүрээд байна.

Интернэтийн энэ өргөн уудам орон зайг зөвхөн мэдээллийн хэрэгсэл, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний асуудлаар бас хязгаарлаж болохгүй. Энэ бол бизнесийн асар том бололцоо юм. АНУ-ын Санфранциско хотын жишээ Монголын хөгжлийн загвар гэж надад санагдсан. Тэнд маш үнэ цэнтэй олон аж ахуйн нэгж бүртгэлтэй, татвараа төлөөд явдаг ч ажлын байр нь зөвхөн тэнд байдаггүй. Дэлхийн өнцөг булан бүрээс тэдгээр компаниуд ажлаа явуулдаг. Монгол Улс онлайн эрх чөлөөг баталгаажуулж чадах юм бол, Монголын залууст өндөр технологи нь байхгүй ч эрх чөлөө, бололцоог нь нээгээд өгчих юм бол СанФранциско шиг хөгжлийн загвар байж болохоор харагдаж байна.

Бид 2015 оны тавдугаар сарын 4-5-нд Улаанбаатар хотноо тус Эвслийн Сайд нарын 5 дугаар Бага хурлыг "Интернэтийн бодлого тодорхойлох нь: Онлайн эрх чөлөөг хангасан шилдэг практик» сэдвээр зохион байгуулна. Энэхүү Бага хурлаас бид юу хүлээж байна вэ?

Нэгдүгээрт, Интернэт орчин дахь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахын төлөө олон улсын түвшинд өрнөж буй үйл явцтай хөл нийлүүлж авах. Өөрөөр хэлбэл, энэ шинэ үйл хэрэгт манай төр, олон нийт, хувийн хэвшлийн анхаарлыг хандуулах. УИХ-ын зарим гишүүд "Интернэтийн эрх чөлөөний тухай хууль» санаачлан ажиллаж байгаа нь, жишээлбэл, Бага хурлыг угтан хийж буй нэг чухал бодитой ажил.

Хоёрдугаарт, Монгол дахь сошиал медиа хэрэглээг улам сайжруулах, өргөжүүлэх, идэвхжүүлэх. Манай хүн амын 35% буюу сая орчим хүн тухайлбал Facebook хэрэглэж байгаа тоо байна. Facebook, Twitter, Linked-In, Google, Mozilla, Microsoft зэрэг компаниуд Монголд болох Бага хурлын үеэр өөрсдийн хэрэглэгч нартай уулзаж ярилцах төлөвлөгөөтэй байгаа.

Гуравдугаарт, дээрх компаниуд өөрсдийг нь дэмжиж ажилладаг Монголын компаниудтай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөтгөх, Монголын компаниудад шинэ бизнес боломж олгох ач холбогдолтой.

Энэ бүхнээс харахад, хүний эрхийн шинээр бий болсон салбар буюу онлайн эрх чөлөөний асуудал, түүнийг тойрсон олон улсын үйл ажиллагааны нэг хэсэг Монгол Улсад төвлөрч явах нь.

Монгол Улс дахь хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодолтой байх эрхийг улам бататган сайжруулах, нөгөө талаар кибер орчинг зохицуулсан эрх зүй, зохицуулалтын хамгийн шилдэг практикаас суралцах энэ сайхан боломж, бололцоог бид бүгд ашиглах ёстой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж