Худалдааны тухай хуулийг батлуулахыг чухалчиллаа

Хуучирсан мэдээ: 2014.12.21-нд нийтлэгдсэн

Худалдааны тухай хуулийг батлуулахыг чухалчиллаа

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Худалдааны салбар нь манай улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эдүгээ  тус салбарт 130 гаруй мянган ажилтан, 21 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тус салбарын зарим төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Худалдааны салбарыг хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд болон худалдаа эрхлэгчдэд Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.

Салбарын шагнал гардсан нийт ажилчдад баяр хүргэхийн зэрэгцээ  Шинээр байгуулагдсан Засгийн газар  АҮЯ-г шинээр байгуулж,  Монгол Улсад үйлдвэржих процессыг нэг бодлого, нэг зарчимд оруулахыг зорьж ажиллаж буйг онцоллоо. Аж үйлдвэрийн яамны ажил жигдэрч байгаа тухай мэдээлээд яамны дотоод бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн тэрбээр Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Стратегийн бодлого төлөвлөлт, Монголын аж үйлдвэрийн зураглалыг бий болгох гэсэн үндсэн гурван зорилгыг тавьж ажиллана. Ингэхдээ ойрын  болон дунд урт хугацааны бодлого хөтөлбөрүүдийг баталж ажиллах болно гэдгийг хэлсэн юм.

Харин худалдаа эрхлэгчдийн зүгээс өмнө нь худалдааны салбар аль нэгэн яамны дагалдаж нэлээд бүдэг байдаг байсан бол энэ удаагийн Засгийн газар дагнасан нэг яамтай, нэг бодлоготой болж байгаад талархалаа илэрхийлээд нэн түрүүнд  Худалдааны тухай хуулийг батлуулж өгөхийг салбарын сайдаасаа хүссэн юм. Түүнчлэн манай улс шиг жижиг зах зээлтэй улс оронд  худалдааны нарийн бодлоготой байхгүй бол бизнес эрхлэгчид нэг нэгийгээ татан унагаах эрсдэл бий болдог. Мөн эх  орондоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүнийг  бодлогоор дэмжиж гадаад улс орнуудаас худалдан авахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийг чухалчилж байлаа. Үүнээс гадна мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимтэй сэргээх шаардлагатай байгааг  тэд хэлж байсан юм. Хамгийн гол нь уул уурхай ч тэр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн аль аль нь бүрэн боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн болсны дараа гадагш гаргадаг байх бололцоог бүрдүүлж ажиллахыг худалдааны салбарын төлөөллүүд салбарын сайдаасаа хүслээ. Уулзалтын төгсгөлд хэдийгээр бодлого шийдвэр хэрэгжихэд 1,5 жил буюу богино хугацаа үлдэж байгаа ч Монгол Улс хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болоход өөрсдийн хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ салбарын сайддаа хэлллээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж