Эдийн засгийн Өршөөлийн хууль гацаанаас гарлаа

2015 оны 1 сарын 13

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд  УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.  Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн  төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Энэ хуультай холбоотойгоор Эдийн засгийн өршөөл  үзүүлэх тухай хууль урган гарч байгаа. Өмнө нь татварын өршөөлийн хуулиар татвараас чөлөөлсөн, татвараа нуусан зэргийг зохицуулж байсан  бол энэ удаа үл  хөдлөх хөрөнгөтэй холбоотой,  аж ахуй нэгжээ бүртгүүлээгүй зэрэг олон талын эдийн засгийн агуулга бүхий салбарт өршөөл үзүүлэхээр болсон. Хуулийн ерөнхий агуулга нь өөрийнхөө гаргасан алдаа, хууль зөрчсөн  үйлдлээ нэг удаа  заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болговол эрүүгийн болон захиргааны хариуцлага, ял зэмээс нэг удаа  чөлөөлөх юм. Ингэснээр сайн засаглал бий болж, цаашдын харилцаагаа хуулийн зөрчилгүй явуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Эдийн засаг өсөхийн хэрээр эдийн засгийн гэмт хэргүүд нэмэгдэж,  энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа, шүүхээс ял сонссон хүмүүс ял зэмээс нэг удаа чөлөөлөгдөх боломжтой болох аж. Энэ хууль Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай хамт ойрын хугацаанд УИХ-д өргөн  баригдах  юм байна.  УИХ дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэн баталвал эдийн засагт томоохон эргэлт авчирна гэсэн хүлээлт байна.

С.Отгон

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна