Хаврын чуулган айсуй

2015 оны 3 сарын 27

-Хуулиараа хаврын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээх ёстой ч энэ удаад ням гаригт таарсан тул даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын 6-нд нээх мэдээлэл байна-

Жил бүрийн хавар, намар иргэний хөдөлгөөнүүд Засгийн газрыг огцрохыг шаардаж, Төрийн ордон гороолдог байсан бол энэ удаад парламентад суудалгүй намууд УИХ-ыг тарахыг шаардаж эхэллээ.

Сонгууль дөхөхөөр амь орж, шантааж хийгээд сурчихсан жижиг намуудын хувьд үндсэн ажилдаа орлоо гэж хэлж болох ч үнэндээ УИХ дампуурчихаад байгаа нь хэн хүний нүдэнд ил болсон. Цагтаа эхэлдэг хурал гэж үгүй, ямар аргатайдаа л хүндэтгэх шалтгаангүйгээр хурлаасаа 1 минут хоцорсон гишүүнийг 100 мянган төгрөгөөр торгох хууль санаачлах билээ.

Чуулганы танхимд хөлчүүхэн суух гишүүн ч бий. Хөгжлийн бодлого ярих ёстой байтал “Чи, би дээ” тулж хэрэлдэнэ. Иймэрхүү л имижийг өнөөгийн парламент бүрдүүлсэн. Одоо алдаагаа засч, алдсан цаг өдрүүдийг нөхөх хэмжээнд ажиллахгүй бол Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг чухал төслүүд хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.

Парламентад суудалтай улс төрийн намуудын хувьд эхлээд Сонгуулийн нэгдсэн хуулиа урагшлуулах сонирхолтой ч байр суурь нэгдтэл ойлголцол шаардах нь. Учир нь Ардчилсан нам пропорцианаль тогтолцооныхоо хувийг нэмэх байр суурь барих ч МАН нэг мандат-нэг тойрог руу зүтгэж байна. Дээр нь автомат машинаар саналын хуудсыг тоолсон ч давхар гараар тооллого хийнэ, хийхгүй гэх маргаан ойлголцлыг улам холдуулж байгаа сураг дуулдлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хувьд өнгөрсөн хугацаанд хоёр удаа л хуралджээ. Парламентын тогтолцоог сонгодог зарчимд нь нийцүүлж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх тухай ярьсан ч хоёр танхимтай болох, эсвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100-д хүргэсэн ч болохгүй гэх асуудал хөндөөд амжжээ. Гэтэл эдийн засгийн хямрал зогсолтгүй үргэлжилж, УИХ-ын намрын чуулганаар хийсэн ажлыг баллуурдсаар.

Одоо алдаагаа засч, алдсан цаг өдрүүдийг нөхөх хэмжээнд ажиллахгүй бол Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг чухал төслүүд хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна.

Хэрүүл тэмцэл болж баталсан Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрт багтсан Оюутолгой, Тавантолгой төслийг урагшлуулах Засгийн газарт өгсөн даалгавар энэ хугацаанд хэрэгжсэнгүй. УИХ эдийн засгийг хямралаас гаргахын тулд хэд, хэдэн чухал төслүүдийг баталсны нэг нь дээрх хөтөлбөр. Үүнээс гадна уул уурхайн салбарыг боомилж байсан шийдвэрүүдээ өөрчилж, “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн хүрээнд 200 гаруй лиценз сэргэсэн ч эдийн засгийн тааламжгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг хүлээлтэд оруулж мэдэх нь. Цагаан суваргын ордыг ашиглах шийдвэрийг гаргасан ч үр дүнгээ өнөө маргаашийн дотор өгөхөд бэрх аж. Гацууртын ордыг стратегийн ордод хамруулсан ч иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцэлтэй тулсан нь энэ төсөл хэрэгжих эсэхэд бас л эргэлзээ дагуулж эхэллээ. Ийм үед УИХ эдийн засгийг тордох, хөрөнгө оруулалтыг татах хуулиудыг батлахаас аргагүй байна. Гэвч аж ахуйн нэгжүүдийн хүсээд байгаа Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүд энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиудын жагсаалтад багтаагүй нь хямралд хүчин мөхөстөж буй аж ахуйн нэгжүүдийг гонсойлгоод байна.


УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

  1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай;
  2. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  3. Монгол Улсын 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  4. Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан;
  5. “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  7. “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  8. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  9. “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  10. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл;
  11. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  12. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;
  13. Худалдааны тухай хуулийн төсөл;
  14. Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  15. Нягтлан бодох, бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  16. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл;
  17. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл;
  18. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл;
  19. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  20. “Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  21. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  22. Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  23. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
  24. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  25. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  26. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  27. Зөрчлийн тухай хуулийн төсөл;
  28. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  29. Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл;
  30. Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүд;
  31. Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
  32. Казиногийн тухай хуулийн төсөл;
  33. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
  34. Бусад.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна