Урагшлуулах уу, үлдэх үү?

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Урагшлуулах уу, үлдэх үү?

Сэрүүн бүсийн орнуудад улирал солигдоход буюу хавар болоход өдөр 1-2 минутаар уртассаар нэг цагийн зөрүү гарахд 30 гаруй хоног шаардагддаг байна. Харин намрын улирал өдөр богиносох нь өдөрт 1-2 минутийн зөрүүтэйгээр 40 гаруй хоногт нэг цагийн зөрүүтэй болдог. Үүнээс үүдэн цаг урагшлуулах болон хойшлуулах гэдэг ойлголт бий болжээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 онд “Ажлын өдөрт өөрчлөлт оруулах тухай” 245 дугаар тогтоол гаргаж, улс даяар ажил эхлэх цагийг нэг цагаар урагшлуулахаар болсноор зуны цагийн тоололд шилжих нь хэмээх ээдрээт түүх эхэлжээ. Үүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэл хийж байсан ч 1985 онд гаргасан Намын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 74 дүгээр тогтоолыг 14 жил тасралтгүй мөрдөж  ирсэн аж. Уг тогтоолд: “Жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн няма гарагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн ням гараг хүртэл БНМАУ-ын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан, ажил үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байх”-аар заажээ. иргэдЭрчим хүчний хэмнэлттэй арга болох зуны нарны гэрлийг ашиглах Засгийн газрын уг шийдвэр зөвхөн манай оронд мөрдөгддөг зүйл биш юм. АНУ-аас Франц улсад суух элчин Бенжамин Франклины 1754 онд  гаргасан Өдрийн гэрэлтэй цагийг үр бүтээлтэйгээр ашиглах санаа эрчим хүч хэмнэсэн эдийн засгийн үр дүнтэй арга гэдэг нь батлагдсанаар Дэлхийн II дайны дараа европын ихэнх улсууд цаг урагшлуулах болжээ. Өнөөгийн байдлаар дэлхийн сэрүүн бүсийн 80 гаруй улс зуны цагийн хуваарьт шилжихийн тулд цаг урагшлуулах арга хэмжээг авсаар байгаа юм.

Цаг урагшлуулах нь иргэдийг төдийгүй эрдэмтдийг ч талцуулдаг. Хронобиологи, биохэмнэл судлалын эрдэмтэд хүний бие махбодийн дасан зохицох чадвар, био хэмнэлийг зориудаар алдагдуулдаг гэж үзэж байгаа юм. Америкт хийсэн судалгаагаар цаг урагшлуулсны улмаас хүмүүсийн 75 хувь нь нойрны хямралд өртөж, унтах болон сэрэх явцад хүндрэл тохиолддог болохыг тогтоожээ. Өдөрт 1-2 минутын зөрүүтэйгээр аажимдаа бий болдог нэг цагийн зөрүүг хүний бие ямар ч зовиур шаналалгүйгээр дасан зохицож хүлээн авдаг бол цаг урагшлуулж, хойшлуулснаар цочмог нөлөө үзүүлдэг байна. Мөн Ройтерс агентлагийн мэдээллэснээр цаг урагшлуулахад зүрхний өвчлөл 25 хувиарт нэмэгдэж, хойшлуулахад зүрхний шигдээсийн эрсдэлт байдал 21 хувиар буурсан тоо гарч байжээ.

Хойд хөршийнхний мэдээллийн хэрэгслээр харин цагийг урагшлуулсаны дараах хоёр долоо хоногийн хугацаанд түргэн тусламжийн дуудлага 12 хувь, амиа егүүтгэх явдал 66 хувь, гэнэтийн осол 29 хувь, зүрхний шигдээсээр нас барах явдал 75 хувиар тус тус нэмэгдсэн гэж нэвтрүүлжээ. Стенли Ковен хэмээх Канад эрдэмтний судалгаагаар өдрийн нийт нойрсох цаг буюу 6-8 цагаасаа 3 цаг дутуу унтаж амарсан хүний оюуны чадамж 15 хувиар буурдаг бол нэг цаг дутуу амарсан бол оюуны чадамж 1 хувиар буурдаг болохыг туршилтаар баталсан байна.

Цаг урагшлуулах, хойшлуулахыг дэмжигч эрдэмтдийн судалгаа ихэвчлэн эдийн засгийн үр ашигтай талыг нь илүүтэй дурьдсан байдаг.  Манай улс гэхэд 1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийгашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүч хэмнэдэг байна. Харин хувь хүний бүтээмж, бие организмд хэрхэн нөлөөлж, үүний үр дүн нь ямар байгаа талаар дорвитой судалгаа хараахан хийгээгүй байгаа юм. Засгийн газраас 14 жил хэрэгжсэн цагийг урагшлуулах тогтоолыг 1999 онд Засгийн газрын 48 дугаар буюу “Зарим тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоолоор хүчингүй болгосон ч 2001 онд дахин мөрдөж эхэлсэн ч 2005 онд эргэн хүчингүй болгосон байна.

Олонтаа хэрэглэж, хүчингүй болгож  ирсэн цагийн урагшлуулах эсэх тухай асуудал ойрд ахин сөхөгдөж эхэлсэн төдийгүй энэ сарын 28-ны өдөр урагшлуулахаар болсон. Энэ нь есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэл үргэлжилэх юм. Олон жилийн туршид маргаантай байж ирсэн уг шийдвэрийг гаргахаас өмнө эдийн засаг болон эрүүл мэндийн судалгааг далайцтайгаар хийж, судалгааныхаа үндсэн дээр шийдвэрээ гаргавал илүү дээр байсан биз ээ.

                                                                                                                           Л.ЭРДЭНЭЖАРГАЛ

Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж