М.Энхсайхан: Тэнэглэлийн туйл гэж харж байна

2015 оны 4 сарын 21

Засгийн газар Тавантолгойн гэрээний төслийг өргөн барих зөвшөөрөл хүсэхээр УИХ-ын Тамгын газар баримт бичгүүдээ явуулсан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газар уг бичиг баримтуудыг шалгаж үзээд Засгийн газарт буцаажээ. Гэрээний төслийг “Эрдэнэс Тавантолгойн” 1072 хувьцааг эзэмшиж буй 2.1 сая иргэний гарын үсэг байхгүй гэх шалтгаанаар буцаасан гэх мэдээлэл цацагдаж байгаа.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын сайд М.Энхсайханаас тодруулга авлаа.

-УИХ-ын Тамгын газар Тавантолгойн төслийг буцаахдаа хоёр сая иргэдийнхээ зөвшөөрлийг авсан байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан юм уу. З.Энхболд дарга ч твиттертээ ингэж жиргэсэн байсан?

-Үүнийг би тэнэглэлийн туйл гэж харж байна. Тэнэглэлд  оргил юм уу, хязгаар үгүй шүү дээ. Даргын зөвлөх юу зөвлөөд байгаад миний мэдлэг хүрэхгүй байх. Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг. Тиймээс Засгийн газар дийлэнх хувьцаа эзэмшигчийнхээ хувьд их хэмжээний хэлцэл байгуулах эрхийг Гүйцэтгэх удирдлагад олгох бүрэн эрхтэй юм байна.

Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ.

Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг.

-Тэгэхээр УИХ-ын Тамгын газраас шаардсаны дагуу хоёр сая иргэн саналыг авах шаардлагагүй гэсэн үг үү?

-Тийм ээ, Засгийн газарт Тавантолгойн гэрээг бие даан шийдвэрлэх эрх хууль, эрх зүйн хувьд бий гэсэн үг. Харин УИХ-ын Тамгын газрын “2 сая хувьцаа эзэмшигчээсээ зөвшөөрөл аваагүй тул Тавантолгойн гэрээний тогтоолыг буцаах” тухай шийдвэр нь холбогдох тогтоол, шийдвэрийг судлаагүй, мэргэжлийн бус хандсан гэж ойлгогдож байна. УИХ-ын зүгээс өчигдөр Засгийн газраас зарим нэг бичиг баримт нэхсэн. Үүний дагуу Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой”-н өмчлөгч нь өөрөө гэдгээ баталсан шийдвэр гаргасан. Тамгын газарт хүргүүлсэн байгаа.

-УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх гэрээ багагүй зөрчилтэй байгааг зурагтаар ярилцлага өгөхдөө дурдсан. Гэтэл УИХ-ын Тамгын газар хоёр сая иргэний санал аваагүй гэдэг жижиг шалтгаанаар Тавантолгойн төслийг буцаасанд олон нийт гайхаад байна л даа?

-Манай улстөрчид бүр хадуураад явчихлаа. Хуулиа, гаргасан тогтоол дүрмээ мэддэггүй гэдгээ харуулж байгаа үйлдэл шүү дээ. Тавантолгойн төслийг явуулахгүй, ямар нэгэн байдлаар заавал гацаах хэрэгтэй гэж хэн нэгэн зөвлөж байж болох шүү дээ.

Ж.НЯМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна