Шүүх бол гайхамшигтай өөрчлөгдсөн байна

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Шүүх бол гайхамшигтай өөрчлөгдсөн байна

Намайг Д.Олдох гэдэг. Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн. Саяхан би шүүхээр үйчлүүлж, шүүхийн шинэтгэлийг биеэр мэдэрсэн хүний хувьд танай редакциар дамжуулж талархалаа илэрхийлэхийг хүслээ. Ажаад байхад шүүхэд хандсан ихэнх хүмүүс хэрэг маргаанаа шударгаар шийдүүлчихээд баярлалаа ч гэлгүй чимээгүй өнгөрдөг бол шүүхийн шийдвэр өөрийнх нь талд гараагүй тохиолдолд зарим хүн зарга хийж, шүүх шүүгч рүү дайрч сенсаац шуугиан тарих нь их байдаг юм байна. Уулын чиний цагааныг туулайн чинээ хараар дарна гэгчээр ганц нэг тохиолдлоос болоод нийгэм тэр чигтээ л шүүх бол шударгаар хэрэг маргаан шийддэггүй, танил талаар ханддаг, мөнгөтэй хүнд үйлчилдэг гэсэн хардлага тархдаг. Гэтэл бодит амьдрал дээр бол шүүх бүхнийг хуулийн дагуу л шийддэг юм байна.

Би 2003 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Тасганы овоонд 20*20 хэмжээтэй газар авахаар болоод газрын гэрчилгээгээ гаргуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед би тас хар үстэй байсан бол одоо цагаан толгойтой өвгөн болсон байна. Хүнд ярихад бол итгэмээргүй түүх байх л даа. Газрын гэрчилгээгээ авч чадалгүй 12 жил хөөцөлдөж явсан гэхээр хүмүүс гайхах биз. Гэхдээ энэ бол үнэн. Газрын алба, төрийн захиргааны байгууллагын хүнд суртал ийм л байна. Энэхүү хүнд суртлын улмаас би 12 жилийн турш хэчнээн ч олон албан тушаалтан, дарга нарын өрөөгөөр орж уулзав. Дөрөв таван удаа засаг, засаг дарга солигдохыг үзлээ. Эцэст нь надад шүүхэд хандахаас өөр сонголт үлдээгүй. Шүүхэд хандах бол миний хамгийн сүүлчийн гарц байсан. Тэгээд л 2014 оны гуравдугаар сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандсан.

Ний нуугүй хэлэхэд бүхэл бүтэн төрийн захиргааны байгууллагатай шүүхдэлцэнэ гэдэг бол надад хүнд санагдаж байсан. Шүүх ч төрийн байгууллага гэдэг утгаараа төрийн захиргааны байгууллагынхаа талд шийдчих болов уу гэсэн хардлага ч надад байсан. Гэхдээ өөр сонголт байгаагүй учраас би шүүхдэхээс өөр яахав. Ингээд хууль, шүүхийн талаар ямар ч мэдлэггүй би өмгөөлөгч нартай уулзаж үзэхэд их хэмжээний төлбөр нэхсэн л дээ. 20-30 сая төгрөг нэхсэн. Надад ийм их мөнгө байгаагүй учраас би өмгөөлөгч авч чадаагүй, шүүх дээр өөрт тулгарсан асуудлаа үнэнээр нь хэлээд суухаас өөр арга байгаагүй юм. Ингээд шүүхийн нарийн бичиг, шүүгчийн туслахуудаас шүүхэд өргөдөл хэрхэн гаргах талаар зааварчилгаа аваад тэр дагуу өргөдлөө гаргаад явсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд шүүхийн шинэтгэл хийгдэж байгаа гээд сонсохоос хэтрээгүй байсан би шүүх бол гайхамшигтай өөрчлөгдсөн байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Зан харилцааны хувьд ч шүүгч нарын ур чадварын хувьд ч шүүх гэдэг бол иргэн хүний айгаад байхаар газар биш болсон байна. Хэргийг ч түргэн шуурхай шийдвэрлэдэг юм байна. Иргэдийн эрхийг хамгаалдаг, шударга ёсыг тогтоодог газар юм гэдгийг мэдэрлээ. Анхан шатны болон давах, хяналтын гээд гурван шатны шүүхээр үйлчлүүлсэн хүний хувьд би шүүхийн шинэтгэлд үнэхээр их талархлаа.

Жирийн нэг иргэн Төрийн захиргааны тэгээд бүр хуулийн хэлтэстэй байгууллагын эсрэг өмгөөлөгчгүй цор ганцаараа л шүүхдэлцсэн. Хэрэв шүүх шударга биш байсан бол төрийн захиргааны байгууллагын талд шийдвэр гарч мэдэх л байсан. Гэхдээ шүүх бол танил тал хардаггүй юм байна, шүүх бодит байдлыг яг л байгаа чигээр нь харж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэдэг юм байна. Урд нь хэдийгээр шүүхээр явж, хэрэг маргаан шийдүүлж байгаагүй ч гэсэн шүүхийн талаар би сөрөг бодолтой явдаг байсан. Тэр байтугай бидний үеийнхэн дунд “Өнгө мөнгөнд хавчигдаж хуульгүй болно, өвөл хаварт хавчигдаж зунгүй болно” гэдэг үг хүртэл гарсан байхав. Эцэст нь шүүх болоод шүүхийн шинэтгэлд баярлалаа гэж хэлье. Иргэддээ хандаж хэлэхэд шүүх бол их өөр болсон байна шүү. Танил талаараа ч юмуу хэргийг шийдвэрлэдэг, мөнгөтэй хүнд үйлчилдэг энэ тэр гэдэг бол хүмүүсийн дунд гаргасан цуу яриа л байдаг юм байна. Шүүхэд бүх зүйлийг хуулийн дагуу л шийддэг юм байна шүү гэдгийг хэлье. Миний адил жирийн иргэн таны эрх ашиг хэрэв төрийн хүнд суртлаас шалтгаалаад зөрчигдсөн бол шүүхэд хандаарай гэж уриалж байна.

БГД-ын дугаар 12 дугаар хорооны иргэн Д.Олдох

2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж