Шүүхийн шинэтгэлийн автор

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинэтгэлийн автор

Шүүхийн шинэтгэлийг гардан хэрэгжүүлж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж хийж, хэрэгжүүлж байгаа ажлаараа яалт ч үгүй Монголын нийгмийн анхаарлын төвд байгаа эрхмүүдийн нэг. Шүүгчдийн цалинг урд хожид байгаагүйгээр нэмснийхээ төлөө хууль тогтоогчдоос хатуухан зэм сонсч, чамгүй эсэргүүцэлтэй тулж байгаа ч шүүхийн үйл ажиллагаанд гарч буй ахиц дэвшлүүд нь түүний нэр нөлөөг төр нийгмийн зүтгэлтний хэмжээнд өргөж буй нь туйлбаргүй үнэн.

Тэртээ 10 гаруй жилийн өмнөөс “Шүүх эрх мэдлийн хямрал” нэртэй нийтлэл болоод судалгаануудаараа шүүхэд цочроо өгч, түүгээрээ ч мөн л олон “дайсныг” өөртөө бий болгоод амжсан түүнийг Ерөнхийлөгч өнөөдрийн шүүхийн шинэтгэлийн ажлын шанг татаж, ачааны ихийг үүрч яваа эрхмүүдийн нэгээр нэрлэсэн билээ. МУИС-ийн тэргүүлэх профессор Н.Лүндэндоржийн гарын шавь нараас өнөөдрийн хуулийн салбарыг өнгөлж буй шилдэг хуульчид төрөн гарсныг СГЗ сэтгүүлч Б.Ганчимэг саяхны ярилцлагадаа “Таныг би нэг юмаар бахархаасай гэж бодож байна. Таны хувь тавилангаа холбосон шавь нар дунд хэн нэг даргын лифтэнд сууж амжилтад хүрэх арга барилтай хүн байдаггүй нь анзаарагддаг. Нэг тийм байлдах чадвартай, өөрийгөө өөрөө бүтээдэг шазруун залуус санагддаг юм. Энэ бол танд баяр хүргэх шалтгаан мөн. Та өөрөө зургадугаар ангидаа сургуулиас гарах шийдвэр гаргасан ч тэндээ шингээд дууссангүй. Амьдрал тань тэмцэл байж. Тийм ч учраас та энэ хүртэл явж чадаж” хэмээсэн нь олон нийтийн дунд анхаарал татсан олон асуудлуудад хариу барьсан даацтай ярилцлага болжээ.

Үнэхээр ч энэ эрхмийн шавь нарыг нэрлэвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Дээд шүүхийн захиргааны тэнхмийн тэргүүн шүүгч М.Батсуурь гээд нэрлээд байвал чамбай хуульчдын урт жагсаалт хөвөрнө. Амьдралынхаа олон арван жилийг Хуулийн сургуульд өнгөрөөсөн Н.Лүндэндорж багш хэдий төрийн өндөр алба хашиж яваа ч өнөө хир нь шуугиант сургуулиасаа хөндийрөлгүй оюутнууддаа лекц уншсаар байгаа. Энэ ажил нь өөрийнх нь хэлснээр бараг оюуны амралт болдог гэдэг. Түүний лекцийн үеэр танхимд ялаа нисэх нь сонсогдмоор нам болдог гэж оюутнууд нь ярьдаг. Тиймдээ ч оюутнуудынхаа тархийг өдөөж, сэрээж эрчилж байдаг Лүндээ багшийгаа хамгийн хайртай багшаар нэрлэдэг байх.

Ямартаа ч түүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийг толгойлж байх хугацаанд шүүгчид цалингаа нэмүүлж, шүүх нь хаалттай хөшгөө нээж, иргэд шүүхэд талархлаа илэрхийлдэг болж байна. Энэ ч хирээр шүүхийн шинэтгэлийг тойрсон хэл ам босч байгаа нь ажил хийсэн хүн л шүүмжлэлд өртдөгийн зовлон биз. Түүх түүхээрээ үлддэг. Н.Лүндэндорж эрхмийн гардаж буй реформ монголын шүүхийг хараат бусаар ажиллуулахад хамгийн том зориг зүрх гаргасан ажлуудаараа тэмдэглэгдэн үлдэх биз. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүхийн шинэтгэлийг урт зам хүлээж буйг нэгэнтээ мэдэгдээд байгаа билээ.

С.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж