Япон руу 5 сая иенийн бараа экспортлоно

2015 оны 6 сарын 30

Монгол-Японы Засгийн газар хувийн хэвшлийн хамтарсан долдугаар уулзалт Токио хотноо үргэлжилж байна. Энэ үеэр Монголын “Дээд өнгө” компани Японы “Super region” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурахад ажилд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон МХАҮТ, Японы Жетро байгууллагын удирдлагууд оролцсон юм.

“Дээд өнгө” компани “Super region”-тай гэрээ хийснээр таван сая иенийн бараа нийлүүлэхээр болж байна. Ирэх онд мөн таван сая ам.долларын гэрээ хийхээр урьдчилсан байдлаар тохироод байгаа тухай компанийн удирдлагууд хэллээ.

Харин хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу Япон руу татваргүй бараа нийлүүлж байгаа тохиолдолд уг бүтээгдэхүүнийг хийсэн материал нь манай хоёр орны аль нэг улсад үйлдвэрлэсэн байх ёстой. Тиймээс Дээд өнгө компани эхний ээлжинд Япон улсаас материалаа импортолно. Харин буцаад “Дээд өнгө” компани бэлэн болсон бүтээгдэхүүнийг Японд экспортлох юм.

Дашрамд дурьдахад “Super region” бол томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бараа нийлүүлдэг олон жилийн туршлагатай компани юм. 2015 оны эхээр Монголын “Дээд өнгө” компанитай харилцаа тогтоосон төдийгүй эхний захиалгаа хийж эхэлсэн байна.

Хамтын ажиллагааны санамж бичгийг зурсны дараа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү “Тус компани таван жилийн турш үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ эхний ээлжинд өөрсдийнхөө боломжоор Японы зах зээлд гарлаа. Тиймээс Аж үйлдвэрийн яам энэ жил экспортыг дэмжсэн зээлийн эхний ээлжээс нь “Дээд өнгө” компанид олгоно. Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч буйг баталсан нэг үйл явдал энэ болж байна” хэмээн онцолсон юм.

Л.ТӨГС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна