Япон улсын Шизүоко мужтай аж үйлдвэрийн салбарт хамтарна

2015 оны 8 сарын 5

Өнгөрөгч 2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр байгуулсан санамж бичгийн хүрээнд аж үйлдвэр, худалдааны салбарын хамтын ажиллагааны асуудлыг цаашид Аж үйлдвэрийн яам хариуцах тухай “Ойлголцлын бичиг”-т  өнөөдөр талууд гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон бусад холбогдох албаны хүмүүс байлцлаа. Харин Япон Улсын талаас Шизүоко мужийн захирагч Кавакацү Хэйта тэргүүтэй  50 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.

Энэхүү ойлголцлын бичиг нь хоёр орны хоорондын харилцан ашигтай эдийн засгийн харилцаа, түүний дотор гадаад худалдаа өргөжин,  хөгжихөд бодит хувь нэмэр оруулах юм. Тиймээс ч өнгөрсөн зургадугаар сард Япон улсад зохион байгуулагдсан “"Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан VII зөвлөлдөх уулзалт"-ын дараахан Шизүока мужийн төлөөлөл  өргөн бүрэлдэхүүнтэй манай улсад айлчилж байгаа нь орон нутаг хороондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Монгол Улс анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон Улстай энэ онд байгуулсан бөгөөд хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх юм.

Өргөн хүрээний хамтын ажиллагааны эхлэлийг өнгөрсөн зургадугаар сард Япон Улсад Аж үйлдвэрийн сайдын айлчлал,  хоёр улс хоорондын төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, бизнес форумыг зохион байгуулах замаар тавьсан.

Энэ  хүрээнд  Монгол Улсын Аж үйлдвэрийн яам,  Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЕТРО/-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанаар хоёр орны хоорондын аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, эрх зүйн үндсийг бий болгосон юм.

            Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна