Ц.Түмэнжаргал мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.13-нд нийтлэгдсэн

Ц.Түмэнжаргал мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна

“Арвайн үндэс” компанийн ивээн тэтгэж буй “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтууд тойрог бүрт чангарч, илүү сонирхолтой болж байна.

"Эрчим" клуб тэмцээний 1-р тойргийн төгсгөлд гол өрсөлдөгч багуудад ялагдан, “СэлэнгэПресс”-д тэргүүллээ алдаад байсан бол өнгөрөгч тойрогт “Дэрэн” клуб лигийн тэргүүлэгч багийг ялснаар “ФС Улаанбаатар”  баг "Хүрхрээ" лигийг тэргүүлж эхэлсэн. Тойрог бүрт ач холбогдол, үр дүн өндөртэй, тамирчдаас маш их хурд хүчийг шавхсан өрсөлдөөн дүүрэнтэй өнгөрсөөр.


Мэргэн буучдын амжилт болоод байрлал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

100 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ” лигийг одоогоор “Улаанбаатарын  Унаганууд” багийн 10 дугаартай тамирчин Ц.Түмэнжаргал 12 гоолтой тэргүүлж байна.

Түүний хувьд 5-р сарын 30нд буюу 1-р тойргийн 2 дахь тоглолтонд “Соёмбын Барсууд” багийн эсрэг 5 гоолыг оруулж мэргэн буучдыг тэргүүлж эхэлсэн билээ. Тухайн тоглолт 10:0 харьцаатай өндөрлөж байсан.  Үүний дараагийн тоглолтондоо “Улаанбаатарын Мазаалайнууд” багийн эсрэг гарч мөн хеттрик оруулсанаар лигийг 8 гоолтойгоор тасархай тэргүүлж эхлээд байсан. Үүний дараа “Хоромхон” болон “Дэрэн” багийн хаалганд гоол оруулж өөрийн нэрийг гаргасан ч лигийн 1-р тойргийн сүүлийн 2 тоглолтонд гоол оруулж чадаагүй. Гэхдээ 2-р тойргийн эхний тоглолтонд тэрээр “Хангарьд” багийн эсрэг хийсэн тоглолтонд хожлын гоолыг оруулаад зогсохгүй өөрийн хувийн амжилтаа ч нэмж багийн гол тамирчин гэдгээ нотлон харуулсан. Энэ тоглолтонд Унаганууд багийн байгуулсан хожил тун чухал байсан гэдэгтээ хэн ч маргахгүй.  Өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдсан тоглолтонд Эрчим багийн талбайд зочилсон ч харамсалтай нь 3.0 харьцаатай ялагдсан.

Мэргэн буучдын жагсаалтад  “Эрчим” клубын хоёр тамирчин шил даран бичигдэж байгаа нь Г.Батбилгүүн болон С.Гал-Эрдэнэ нар юм. Тэр дундаа Г.Батбилгүүний хувьд талбайдаа хийсэн сүүлийн тоглолтонд гоол оруулж гол өрсөлдөгч Ц.Түмэнжаргалаас ердөө 1 гоолын зөрүүтэй болж ирлээ. Г.Батбилгүүний хувьд лигийн нээлтийн тоглолтонд “Соёмбын Барсууд” багийн хаалганд 3 гоолыг шигтгэж гараагаа амжилттай эхэлж байсан юм. “Арвайн Үндэс” компаний ивээн тэтгэж буй “Хүрхрээ” лигийн шилдэг мэргэн бууч болох нь зөвхөн түүнээс шалтгаална.  

“Эрчим” клубын С.Гал-Эрдэнэ 8 гоолтой 3-р байранд бичигдэж байгаа ч түүнтэй ижил 8 гоолыг оруулсан 4 тамирчин байна. Тухайлбал “Хангарьд” клубын 19 дугаартай тамирчин Ц.Мөнх-Эрдэнэ, “ФС Улаанбаатар” багийн  9 дугаартай тамирчин Б.Амарбаясгалан, “Хоромхон”  клубын мөн 9 дугаартай Н.Наранболд болон “СэлэнгэПресс” клубын довтлогч Г.Төгсбаяр нар ижил 8 гоолтой шил даран бичигдэж байна. Төгс баярын хувьд өнгөрсөн сарын шилдгээр тодорсон сүүлийн тоглолтуудад маш их үр нөлөөтэй тоглолтыг үзүүлж байгаа юм.

Үзэгчиддээ нэг зүйлийг сонин болгож дуулгахад гадны легионер тамирчдаас "ФС Улаанбаатар" багийн гишүүн Оцү Казүтака 5 гоолтой бичигдэж байна.  12 гоолтой лигийг гоолоор тэргүүлж буй Ц.Түмэнжаргал /Улаанбаатарын Унаганууд/ гоолоо ахиулах уу ? Эсвэл түүний араас нэхэж байгаа Г.Батбилгүүн /Эрчим/ түүнийг гүйцэх болов уу ? Магадгүй 8 гоолтой яваа таван тамирчдаас хэн нэг нь олон гоолыг оруулж өрсөлдөөнийг улам сонирхолтой болгох болов уу ? эдгээр асуултын хариуг та бүхэн 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр явагдаж буй “Хүрхрээ” лигийн тоглолтыг үзсэнээр мэдэх боломжтой.

Эх сурвалж: www.the-mff.mn

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж