Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог МОНОС эмийн үйлдвэр үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.20-нд нийтлэгдсэн

Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог МОНОС эмийн үйлдвэр үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ

Монголын эм үйлдвэрлэлийн салбарын томоохон төлөөлөл болсон “Монос фарм” компани  Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001:2008/MNS ISO 9001:2010  стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн бөгөөд тун удахгүй Олон Улсын GMP-ын шаарлага хангасан эмийн үйлдвэрээ ашиглалтад оруулах гэж байна.  Бид тус компанийн Үйлдвэрлэл Эрхэлсэн Дэд Захирал, Чанарын удирдлагын төлөөлөгч Б.Энхзаяатай ярилцлаа.

Хэрэглэгчид маань Монос гэдэг компани Монголын эмийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбартаа тэргүүлэгч гэдгийг мэддэг. Тэгвэл Монос Фарм компаний үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?

Үүсгэн байгуулагдсан 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа Монос Групп маань эдүгээ 13 салбар компанитай 1200 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монос эмийн үйлдвэрийн хувьд группийнхээ ууган компани бөгөөд бид эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эмчилгээний өндөр идэвхитэй аюулгүй, чанарын баталгаатай эмийг хэрэглэгч түмэндээ хүргэдэг үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. Бид одоогоор 100 гаруй ажилтан ажиллагсадтайгаар 5 цехэд нян, мөөгөнцрийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах, ханиалга намдааж цэр ховхлох, дархлал сэргээх, харшлын эсрэг эм бэлдмэл болон чих хамар хоолой, зүрх судас, хоол боловсруулах, бөөр, шээсний замын өвчлөлүүдийн үед хэрэглэх эм бэлдмэлүүдийг үйлдвэрлэж байна.

Эм үйлдвэрлэх үйл ажиллаагаа нь нэлээдгүй өндөр хяналтан дор явагддаг нь ойлгомжтой. Тиймээс маш олон стандарт, дүрэм журмыг мөрдөж ажиллах шаардлага гардаг учраас та бүхэн Олон улсын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаа гэж ойлгож байна. Энэ тухай тодруулбал?

Бид үйл ажиллагаандаа Монгол Улсын стандарт болох “Эм Үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага” MNS 5524 стандартыг мөрдөж ажилладаг. Энэхүү стандартын шаардлагын дагуу дэргэдээ Чанарын хяналтын албатай бөгөөд түүхий эд, сав баглаа боодлоос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагад хяналт тавьж ажилладаг. Одоогоос 10-аад жилийн өмнө эмийн Чанарын Хяналтын Лаборатори маань Олон Улсын ISO 17025 cтандартыг нэвтрүүлсэн ба энэ хугацаанд 4 дэх удаагаа Монгол Улсын СХЗГ-аар амжилттай магадлан итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ удаад тогтолцоондоо Олон Улсын стандарт Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001-ыг нэвтрүүлсэн нь   хэрэглэгчдийнхээ  сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэх, чанарын баталгаатай эм үйлдвэрлэхэд чиглэсэн байгууллагын бүхий л үйл ажиллагааг хяналттай, алдаагүй, эрсдэлгүй байлгаж, тасралтгүй сайжруулан ажиллах бүх талын нөхцөлүүд баталгаажиж  байгаа юм.

Ер нь ISO 9001  Чанарын Удирдлагын тогтолцоо гэж юу вэ?

Швейцарын Женев хотод төвтэй Олон Улсын энэхүү байгууллага нь  /The International Organization for Standardization/ мянга мянган стандартыг гаргаж ирсэн бөгөөд чанарын удирдлагын 9000 цуврал стандарт энд мөн багтдаг. Бидний нэвтрүүлсэн Чанарын Удирдлагын тогтолцооны стандарт нь дэлхийд 178 орны 1,4 сая орчим байгууллага үйл ажиллагаандаа хэрэгжүүлж гэрчилгээжсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү байгууллагаас гаргасан стандартыг мөрдөх нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөх гарц гэж харж байна. Монгол Улсын Стандартчилал Хэмжил Зүйн Газраас төрийн болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй байгууллага энэхүү стандартыг хэрэгжүүлж ажиллаж байгаагаас бид эм үйлдвэрлэлийн салбартаа анхдагч нь болоод байна.

Олон Улсын Чанарын Удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлсэн нь танай байгууллагад ямар өөрчлөлт авчирав, мөн таны албан тушаалд чанарын удирдлагын төлөөлөгч гэсэн байна. Энэ талаар тайлбар өгөөч.

Манай байгууллага энэ ОУ-ын стандартыг хэрэгжүүлэх ажлыг анх 2012 оноос эхэлсэн.  Нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхлээд компанийн Чанарын бодлого, зорилтуудыг тодорхойлон түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 32 журам, 160 орчим зааварчилгаа, 450 орчим бүртгэлийн маягтуудыг боловсруулж, шат дараалалтайгаар нийт ажиллагсаддаа танилцуулах, мөрдлөг болгох, дахин хяналт тавих, шинэчлэн сайжруулах үйл ажиллагааг хийсэн байна. Энэхүү цогц үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, төлөвлөх, хянах, дээд удирдлагад танилцуулах албан тушаалтан зайлшгүй байх ёстой бөгөөд энэ нь стандартад Чанарын  Удирдлагын төлөөлөгч гэж нэрлэгдсэн байдаг. Энэхүү төслийг багагүй хэмжээний цаг хугацаа, мөнгө санхүү болон хамт олныхоо нөр их хөдөлмөр дэмжлэгээр удирдан явуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Бидэнтэй ирж ярилцсан таньд баярлалаа. Монгол Улсын эмийн үйлдвэрлэлийн салбартаа ямагт анхдагч нь байж Монголын болон Олон улсын хэрэглэгчиддээ үргэлж чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэж байгаарай гэж танай хамт олонд хүсэн ерөөе!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж