Алдагдалгүй ажилласан компаниуд шилдгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Алдагдалгүй ажилласан компаниуд шилдгээр шалгарчээ

 Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн хурал саяхан болж,  эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон  компаниудын үйл ажиллагааг хэлэлцэн дүгнэж, рейтингийг тогтоожээ. Үүнд санхүүгийн ашиг алдагдал, станцын дотоод хэрэгцээ, дамжуулалт, түгээлтийн алдагдал, эрчим хүчний өр, авлагыг бууруулсан байдал, борлуулалтын орлого цуглуулалтын хувь, эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, хэрэглэгчдээс гаргасан санал, гомдол  зэргийг харгалзсан байна. Эрчим хүчний компаниудаас  "Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ", "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц", "Дарханы дулааны цахилгаан станц" ТӨХК-иудыг эхний хагас жилд хангалттай сайн ажилласан гэж дүгнэжээ. Эдгээр компаниуд нь санхүүгийн алдагдалгүй ажилласан бөгөөд "Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" нь цахилгаан түгээлтийн алдагдлыг урьд онд байсан хэмжээнээс бууруулсны зэрэгцээ худалдан авсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг цахилгаан станцуудад 102.3 хувиар буюу бүрэн төлж, урьд онуудын өр төлбөрөө бууруулсан байна. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц нь өр төлбөрөө таван тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Харин Дарханы дулааны цахилгаан станц нь дотоодын хэрэгцээний цахилгаан хэмнэсэн, өр төлбөрөө 1,4 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ. Дулааны гуравдугаар станц, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ компаниуд удаах байруудад шалгарч, айргийн тавд орсон бол Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Налайхын дулааны станц, зэрэг газрууд сүүл мушгисан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж