Зарим сургуулийн засвар эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Зарим сургуулийн засвар эхлээгүй байна

Жил бүр сургууль  цэцэрлэгийн засвар, шинээр барилга барих, өргөтгөлийн ажлууд хийдэг ч хугацаандаа дуусч байсан нь тун ховор. Энэ жилийн хувьд мөн ялгаагүй  засварын ажил зарим нэг шалтгааны улмаас оройтож байгааг салбар хариуцсан яамнаас мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн засварын явц,  ямар шалтгааны улмаас удааширч байгаа талаар БСШУЯ-ны  Барилга захиалагчийн ажлын албаны дарга Д.Цэрэнгээс  тодрууллаа.

– Сургууль цэцэрлэгийн засварыг энэ сарын 25 гэхэд бүрэн дуусгах шаардлагыг яамнаас тавьж байсан.  Улсын хэмжээнд засвар, өргөтгөлийн ажил  ямар шатандаа явж байна вэ?

-Яамны зүгээс энэ сарын 25 гэхэд улсын комисст хүлээлгэн өгөх шаардлагыг удаа дараа тавьж байгаа.  Энэ жил улсын хэмжээнд нийтдээ их дээд сургууль, ЕБ-ын сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал нийлсэн 201 обьектод  засвар хийх ёстой. Өнөөдрийн байдлаар 95 обьектын засварын ажил бүрэн дуусч улсын комисст хүлээлгэн өгсөн талаар мэдээ байна. Үлдсэн засварын ажил дундажаар 83 хувьтай явж байна.

-Засварын ажлаа саяхан эхэлсэн газрууд байгаа гэсэн. Яг ямар сургууль, цэцэрлэгийн засвар тааруу байгаа юм бэ?

-Гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй байдлаас болж зарим сургууль цэцэрлэгийн ажил оройтсон, хангалтгүй байгаа нь үнэн. Тухайлбал, УБИС  А, Б хичээлийн байрны 300 сая төгрөгийн их засварыг гүйцэтгэж байгаа “Ган” компани ажлаа маш орой эхэлсэн тун хангалтгүй явж байна. Мөн тус сургуулийн В хичээлийн байрны 200 гаруй сая төгрөгийн засварын ажил ид хийгдэж байна. Мөн 49-р сургуулийн 150 сая төгрөгийн засварыг Хар хорин” компани 70 хувьтай  гүйцэтгэж байгаа бол Чингэлтэй дүүргийн 5, 37-р сургуулийн засвар дуусаагүй байна. Эдгээр сургуульд нийслэлийн хөрөнгөөс засвараа хийж байгаа юм.

-Тэгвэл хөдөө орон нутагт байдал ямар байна?

-Хөдөө орон нутагт бэрхшээлтэй зүйл нь тендерийг орой зарлах, гүйцэтгэгч компани олдохгүй байх зовлон байдаг. Энэ жилээс орон нутгийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг тухайн аймаг, сумын засаг дарга нарт хариуцуулсан. Хяналт сул байснаас удаашрах байдал их гарч байна. Тухайлбал, Завхан аймгийн Баянхайрхан сумын дотуур байрны 100 сая төгрөгийн засвар 30 хувь, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын, Мандал-Овоо сумдын 18-50 сая төгрөгийн засвар 30 хувьтай буюу  гүйцэтгэл тааруу байна. Мөн Ховд аймгийн Булган сумын сургуулийн засварын ажилд тендерийн маргаан гарсан учраас  одоо хүртэл засвар эхлээгүй байна.

-Чухам ямар шалтгаанаар ингэж оройтож байгаа юм бэ?

-Засварын ажил дөнгөж 30 хувьтай байгаа Өмнөговь аймгийн хувьд хотоос алслагдсан сум учраас гүйцэтгэх компани олдохгүй байсаар удсан байна. Хоёр ч удаа тендер зарлаад гүйцэтгэх компани олдохгүй сүүлдээ аргаа бараад нэг компанитай гэрээ байгуулсан. Хотоос алслагдсан учраас компаниудын хувьд зардал өртөг өндөр гардаг учраас хойрог хандах нь их. Мөн түүнчлэн хөдөө орон нутагт зураг төсвөө удаан гаргах, тендерээ оройтож зарлах, тендерийн маргаан гарах, Сангийн яамны санхүүжилт удах, гүйцэтгэгч компани олдохгүй байх зэрэг олон шалтгаантай.

-Өнгөрсөн долоо хоногийн байдлаар  Дархан, Эрдэнэт хотын сургууль цэцэрлэгийн ажил тааруу байгаа талаар мэдээлсэн. Одоо ямар байна?

-Харьцангуй хурдтай урагшилж байна. Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн засвар 60 хувьтай байна. Харин Орхон аймгийн МСҮТ-ийн сантехникийн засварын ажил 50 хувьтай байна. Тэд засварын ажлаа өөрсдөө гүйцэтгэж байгаа юм. Мөн I ,V, X, XV, XVI  цэцэрлэгийн 20-30 сая төгрөгийн засварууд 60-80 хувьтай явж байна. Ирэх сарын 1-ээс өмнө дуусгах байх.

-Жил дамнан засварын  ажлыг  удаашруулж, чирэгдэл болж байгаа барилгын компаниудад ямар хариуцлага тооцож байна вэ?

-Ийм асуудал үнэхээр бий. Жишээ нь “Монгени”  сургуулийн өргөтгөлийг  хоёр жил хийгээд  дуусгахгүй байгаа учир гэрээгээ цуцлах талаар яригдаж байна. Мөн Баянхонгор аймгийн төвд 100 хүүхдийн цэцэрлэг шинээр барих ажил бас хоёр жилийн өмнө эхлээд гүйцэтгэгч “Жаргалант луу”  компанийн ажил зогссон. Гэхдээ асуудлыг заавал шүүхийн журмаар шийдвэрлэх  ёстой учраас цаг хугацаа шаарддаг.

-2010 онд багтаан дуусгах хичнээн барилгын ажил байна?

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд 150 барилга барьж байна. Эдгээрээс  30-35 хувийг энэ ондоо багтаан дуусгаж хүлээлгэн өгөх ёстой. Тодруулбал 35 дунд сургуулийн байр, 14 дотуур  байр, найман спорт заал, 41 цэцэрлэг, долоон тусгай сургууль, 27 соёлын төвийн байрыг ашиглалтад оруулна.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж