Хоёр настнууд цэцэрлэгт орлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Хоёр настнууд цэцэрлэгт орлоо

Ээж, аавын эрх жаахан багачууд өнөөдөр цэцэрлэгийн босго алхаж байна. Тэдний дундаас анх удаа цэцэрлэгт явж байгаа хоёр настнууд ээж аавыгаа дагах, бие биеэ харж уйлах нь үнэхээр өхөөрдмөөр. Харамсалтай нь, зарим дүүрэг хороонд цэцэрлэгийн хүрэлцээ муу байдгаас нэг ангид суралцагчийн тоо хэт их байгаа гэнэ. 

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 142 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших бөгөөд нийслэлийн хэмжээнд 44.5 мянган хүүхэд цэцэрлэгт  хамрагдаж байгаа аж. Нийслэлийн  хувьд  есөн дүүрэгт нийт улсын 169, хувийн 87 цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж, шинээр төрийн өмчийн 7-9, хувийн 20 орчим цэцэрлэг үүд хаалгаа нээж байна. Цэцэрлэгт хамрагдах насны хүүхэд нийслэлд хамгийн их буюу 50.854 байгаа ба 1300-1400 орчим хоёр настнууд шинээр элсжээ.  

Улсын хэмжээнд дээрх цэцэрлэгүүдэд үндсэн 4465, туслах 3885 багш ажиллах бөгөөд нэг багшид урьдчилсан байдлаар 25-28 хүүхэд ногдох тооцоо гаргасан. Гэвч нийслэлийн зарим дүүрэг, хороодод  цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас нэг бүлэгт  40-50 хүүхэд элсээд байна. Учир нь нийслэлийн  есөн дүүрэгт  нийт  132 хороо байдгаас 30 гаруй хороонд цэцэрлэг байдаггүй. Мөн сургуулийн өмнөх боловсролын зардлыг төрөөс даадаг болсон тул эцэг эхчүүд хүүхдээ улсын цэцэрлэгт өгөх хүсэл их байдагтай холбоотой аж.  Тиймээс цэцэрлэгүүдийн тоог жил ирэх бүр нэмэгдүүлнэ гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.

П.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж