Мэргэн буучдын өдөр буюу 10-10-10

2016 оны 10 сарын 10

Өнөөдөр 10 дугаар сарын 10. Үргэлж байны 10 дээр онох тэмүүлэлтэй мэргэн буучдын баярын өдөр. Олон улсад аравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас энэ баярыг ёслон тэмдэглэдгийн учир энэ.

Буудлага спорт 500 гаруй жилийн хөгжлийн түүхтэй. Монголын спортын топ төрлийн нэг болсон БУУДЛАГА-ын спорт орчин үеийн анхны олимпийн наадамд /1896 он, Грек, Афин/  багтаж байжээ. Орчин үеийн олимпийн хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертен өөрөө буудлагаар хичээллэдэг байсан ба Францын долоон удаагийн аварга /гар буу/ болсон түүхтэй. 

1896 оны анхны олимпод тамирчид хоёр төрлийн буугаар таван дасгалд өрсөлдөж, 10 гаруй орны мэргэн бууч цэц сорьж байжээ. Харин орчин үед буудлагынхан арав гаруй төрлийн буугаар 12 дасгалд бууддаг болсон. Анхны олимпийн наадмуудад зөвхөн эрэгтэй тамирчид энэ төрөлд оролцдог байсан бол Зуны 23 дугаар олимпийн наадмаас эхлэн эмэгтэйчүүд тамирчдын эгнээг тэлжээ. 1907 он хүртэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг “Олон улсын тусгай шинжилгээний груп” гэдэг байгууллага эрхлэн явуулдаг байгаад 1907 онд Олон улсын буудлага спортын эвсэл нэртэйгээр Олон улсын буудлагын холбоо байгуулагдсан гэдэг. Улмаар 1921 онд Олон улсын буудлага спортын холбоо болж шинэчлэгдсэн бөгөөд өдгөө 250 гаруй орныг нэгтгэсэн томоохон холбоо болон өргөжжээ. Олон улсын буудлага спортын холбооны төв Германы Мюнхен хотод байрладаг.


БУУДЛАГЫН ТОПУУД БА Д.МӨНХБАЯР, О.ГҮНДЭГМАА

Баруун гар талаас: О.Гүндэгмаа /Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл/, Д.Мөнхбаяр /Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт/

Монголд буудлага спорт хөгжсөн түүхийг 1910 оноос эхлэлтэй гэж үздэг. Энэ үед Ховд хотоос Манжийн амбанг хөөн зайлуулсны баярыг тэмдэглэн Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн нар цэргүүдийнхээ дунд буудлагын тэмцээн зохиож, түрүүлсэн хүнийг мориор шагнаж байсан тухай ам дамжсан домог яриа байдаг. 1926 онд “Д.Сүхбаатар мэргэн буудагч”, 1944 онд “Х.Чойбалсангийн мэргэн буудагч”, 1950 онд “Онц буудагч” тэмдгүүд болзлын хамт гарч ирснээр цэрэг дайчдын дунд тэмцээн уралдаан байнга зохиогдож түүнд олон хүн шалгаран шагнагдаж байжээ.

Дэлхийн II дайны дараа “социалист” гэгдэж байсан орнуудад эх орноо батлан хамгаалахад туслах сайн дурын нийгэмлэгүүд байгуулагдаж, эдгээр байгууллагуудын дунд явагддаг олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид анх удаа оролцсон нь 1955 он байв. Харин 1980 онд тэр үеийн Герман улсын “Спорт техник” нийгэмлэгийн тусламжтайгаар буудлага спортын иж бүрэн цогцолбор Монголд байгуулагдсанаар анхны материаллаг баазтай болж байжээ.

Монголын мэргэн буучид 1986 оноос эхлэн олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олимпийн наадамд оролцож эхэлжээ. Энэ хугацаанд

  • 1986 оноос эхлэн 44-51 дэх удаагийн ДАШТ,
  • 1964-2016 онд болсон 18-31 дэх удаагийн Зуны олимпийн наадам,
  • 1974-2014 онд болсон Ази тивийн 10 удаагийн тоглолт,
  • 1987-2016 онд зохиогдсон Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн цомын тэмцээнүүдэд тасралтгүй оролцжээ.

Буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог. Шалгуур өндөртэй, өндөр чансаатай ДАШТ-ий сүүлийнх буюу 2014 оны тэмцээнд Монголын эмэгтэй мэргэн буучид багаараа мөнгөн медаль хүртсэн билээ.

ДАШТ, багийн мөнгөн медаль: О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг /2014 он, 25м спорт гар буу, эмэгтэй

Буудлага спортын түүхэнд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтан одоогоор хоёр тодорсон нь хоёулаа бүсгүйчүүд бөгөөд Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа нар энэ амжилтыг эзэмшиж байна.

ДАШТ-ИЙ МЕДАЛЬТНУУД:

  • Алтан медаль: Д.Мөнхбаяр /1998 он, 10м хийн гар буу, эмэгтэй/
  • Хүрэл медаль: О.Гүндэгмаа /2006 он, 25м спорт гар буу, эмэгтэй /

БАГИЙН АМЖИЛТ /ДЭЛХИЙН АВАРГА/:

  • Хүрэл медаль: Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун /1998 он, 25м спорт гар буу, эмэгтэй/
  • Мөнгөн медаль: О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг /2014 он, 25м спорт гар буу, эмэгтэй/

ОЛИМПИЙН НААДАМ:

  • Хүрэл медаль: Д.Мөнхбаяр /”Барселона-1992”, 25м спорт гар буу, эмэгтэй/
  • Мөнгөн медаль: О.Гүндэгмаа /”Бээжин-2008”, 25м спорт гар буу, эмэгтэй/

Б.БАДМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна