164 сая хүн үзсэн facebook live-ын эзэн

2016 оны 12 сарын 28

Чубаккагийн баг Кэндис Пейний амьдралыг өөрчилжээ

Амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн гэдэг. Найзууддаа зориулан дүрсгүйтэж хийсэн видео бичлэг чинь Facebook-т 164 сая хүний анхаарал татсаны дараа амьдрал чинь хэрхэн өөрчлөгдөхийг төсөөлж байв уу? Яг л ийм түүх 37 настай Кэндис Пейн гэгч энэ эмэгтэйд тохиолдсон юм. АНУ-ын Техас мужийн жирийн л нэг ээж, эзэгтэй, эмэгтэй өнгөрсөн тавдугаар сард дэлгүүрээс худалдаж авсан багаа зүүж, худалдан авалтынхаа талаар Faecbook-тээ live бичлэг хийжээ. Дэлгүүрийн гадаах машины зогсоолд, жолооныхоо ард хийсэн бичлэг нь Facebook-ийн түүхэнд хамгийн өндөр хандалттай видео болж, рекорд эвдсэн юм.

Дөрвөн минут үргэлжлэх энэ бичлэгийг та ч бас санаж байгаа байх. Алдарт “Star Wars” киноны Чубакка /Chebacca/-гийн баг зүүсэн түүний хөгжилтэй бичлэг 2016 сошиал трэндүүдийн нэг байсан.

Богинохон хугацаанд интернэт од болж хувирсан тэрбээр Star Wars киноны найруулагч ЖейЖей Абрамсын хамт Late Late Show-нд урилгаар оролцож, Даллас хотын цагдаа нарыг буудаж хөнөөсөн хэргийн дараа Майкл Жексоны “Heal the World” дууг коверлон дуулж, олон нийтэд улам бүр танигдсаар байгаа юм. “Хүмүүс над дээр ирээд хамт сельфидье гэж асуудаг. Олон хүн миний дүрсгүй видеог эергээр хүлээн авч, надад талархал илэрхийлсэн” хэмээн Кэндис ярьжээ. Кэндис уг нь видеогоо найзууд, гэр бүлийнхэндээ зориулсан аж. Live видеогоо өөрөө ч анзааралгүй public тохиргоотой хийсэн тул тэр дорхноо олон хүн шэйрлэжээ. “Ганцхан цагийн дотор 50 мянган хүн үзсэн байна. Гэтэл би чинь 50 мянган хүн мэдэхгүй шүү дээ, юу болоод байна аа” гээд ихэд гайхсан тухайгаа Кэндис ярьжээ.

Тэр өдрийн орой Кэндисийг унтахаар хэвтэх үед /видеог анх оруулснаас хойш долоон цагийн дараа/ хэдийнэ нэг сая хүн үзсэн байжээ. Харин маргааш нь өглөө нь сэрэхэд видео үзсэн хүний тоо 24 саяд хүрч, утсанд нь 20 зурвас ирсэн байсан гэнэ. Ингээд тэр Facebook-ийн 8,9 сая like-тай BuzzFeed хуудасны амжилтыг эвдсэн байв. “Гурван өдөр дотор миний видеог 78 сая үзсэн байсан. Энэ тоо улам бүр л нэмэгдсээр байсан. Facebook-ээ дахин ачаалахад л 100 саяд хүрсэн байсан” гэж Кэндис ярьжээ.

Кэндис Пейний Инстаграм дахь зураг. Гэр бүлийн хамт.

Цочролд орсон Кэндис гал тогооны өрөөнийхөө шалан дээр хэвтээд баярласандаа нулимс нь гарч байсан тухайгаа дурсав. Түүний амьдралд цоо шинэ хаалга нээгдсэнд тэр өөрийгөө азтайд тооцдог гэнэ. “Би бурханд талархсан. Надад аймшигтай санагдаагүй, харин ч баярласан. Хүүхдүүдээ хараад гэртээ суудаг ээжийн амьдрал түр зуурынх гэдгийг би мэддэг байсан. Хүүхдүүд маань томорч, хичээл сургууль, цэцэрлэгт явахын цагт ажилдаа эргэж орно гэж боддог байсан ч боломж ердөө гараагүй юм. Би үргэлж л ямар нэг том өөрчлөлтийн талаар боддог байсан” хэмээн Кэндис Пейн “Good morning America” шоунд оролцох үедээ ярьжээ.

Кэндисийн Facebook хаяг өдгөө 838 мянга гаруй дагагчтай, Instagram-ын дагагчид нь 50 мянга хол давжээ. Тэрбээр Америкийн TLC сүлжээнд видео блоггер болсон гэнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирэх санал, өдөр тутмын ажлын хуваарийг нь зохицуулдаг багахан боловч багтай болжээ. Өдөр бүр амьдралын баяр баясгаланг мэдрэхийг зөвлөж, өөрийнхөө амьдралыг жишээ болгон олон газар лекц уншиж, илтгэл тавих болсон гэнэ. “Амьдралдаа бид хөгжилдөх хэрэгтэй. Яг л ийм зүйл тэр өдөр машинд маань болсон юм. Миний хажуугаар хэн өнгөрч, миний юу хийж байгааг харчих вий гэж огтхон ч санаа зовоогүй” гэж тэр өгүүлжээ.

Одоо тэр олны танил болсон ч урьдынхаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй гэнэ. Харин амьдралд нь олон зүйл өөрчлөгджээ. Ойр дотны танилууд нь түүнийг хэтэрхий завгүй болчихсон, зарим үед уулзах ч завгүй болсон гэдэг. Харин Кэндисийн хувьд танилын хүрээ нь өөрчлөгдөж, түүнтэй уулзахыг хүсэх хүмүүс маш олон болжээ. Мэдээж тэр сошиал хүрээнд таагүй, сөрөг сэтгэгдэл, зурвас бишгүйдээ л хүлээж авдаг. Гэхдээ огт танихгүй тэдгээр хүмүүсийн үзэн ядалтийг ердөө ойшоодоггүй гэж тэр ярьсан байна.

Хоёр хүүхдийн ээж, энгийн л тэр нэгэн ээжийн бичлэг яагаад ингэж их амжилт дагуулав? Яагаад хэдэн сая хүн бичлэгийг үзэж, шэйрлэх болов? Ямар учраас ерөнхийлөгчийн сонгууль, дэлхийн тулгамдсан өөр олон асуудлыг шууд дамжуулсан мэдээллийн агентлагийн live видеоноос давж, 2016 оны дэлхийн топ live видеогоор нэрлэгдэх болов?

“Би ч бас үүнийг ойлгохгүй байна. Гэхдээ инээд бол дэлхийн хэл шүү дээ. Миний видео зүгээр л хөгжилтэй байсан” гэж Кэндис ярьжээ.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*