Хувцасны шүүгээнд зайлшгүй байх ёстой өвлийн 10 гоёл

Улирал, цаг агаарын онцлогийг дагаад таны хувцасны шүүгээн дэх хувцаснууд ч мөн өөрчлөгддөг байх. Тэгвэл, хүйтний улиралд таныг дэгжин, басхүү загварлаг харагдахад тань туслах сонголтыг санал болгоё. Эдгээр 10 хувцас таны шүүгээнд зайлшгүй байх ёстой гэдгийг fashion экспертүүд сануулж байна.


БИЕ БАРЬСАН ЖИЙНС

Бие барьсан, скинни жийнс өвлийн хамгийн төгс сонголт. Дээгүүр нь та ямар ч өнгийн, ямар ч загварын цамц хэд давхарлаад өмссөн ч болно. Намхан ултай түрийтэй гутал, дээгүүр нь ноосон цамц, эсвэл дэгжин сорочка өмсөөд ажилдаа очсон ч болно. Торгомсог цамц, өндөр өсгийт хослуулж өмсөөд үдэшлэгт очсон ч та алзахгүй.


НООЛУУРАН ЦАМЦ

Завь хэлбэрийн ухлаадастай ноолууран цамц хэзээ ч моодноос гарахгүй. Сорочканы гадуур, эсвэл хүрэмний дотуур өмссөн ч болно. Эрс тэс өнгийн захтай цамцны гадуур ноолуураа өмсөөд, доогуур нь ямар ч загварын юбка, жийнс, хээтэй, савхин өмд гээд алийг нь ч өмсөхөд тохиромжтой.


ФЕДОРА МАЛГАЙ

Үслэг эдлэл, ноос ноолуур тэртэй тэргүй хэзээ ч уйдамгүй өвлийн трэнд. Тэгвэл дизайнерууд танд илүү дэгжин чамин харагдах өөр нэгэн сонголт санал болгож буй нь федора гэгддэг зөөлөн бүрх малгай. Хонины ноосон, нимгэн эсгий материалтай бүрх малгай таныг дааруулахгүй, бас загварлаг нэгэн гэдгийг илтгэх болно. Ямар ч төрлийн хувцсан дээр зохидог нь үнэхээр том давуу тал шүү.


ТОД ӨНГИЙН ГАДУУР ХУВЦАС

Өвлийн улиралд таны гадуур хувцас хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс хурц тод өнгийн куртка, пальто сонгохдоо бүү эргэлз. Гол нь дотуур нь жигд хар, олон өнгө холилдоогүй хувцас өмсөхийг зөвлөе.


ӨВДӨГ ДАВСАН ТҮРИЙТЭЙ ГУТАЛ

Дулаан бөгөөд ганган. Өвлийн хүйтэн улиралд энэ л чухал биш гэж үү! Өдөр тутамдаа жийнсэн өмд, сул загварын цамцтай хослуулж, оройн цагаар найзуудтайгаа хөгжилдөхөөр гарахдаа богино даашинз эсвэл юбка, торгомсог цамц өмсөөд л болох нь тэр.


СУЛ ЗАГВАРТАЙ, НЭХМЭЛ ДААШИНЗ

Нэхмэл, сүлжмэл, нэвсийсэн сул загвартай даашинзны доогуур та урт, богино ямар ч түрийтэй гутал, бүр пүүз өмсөөд явсан ч болно. Аль аль нь загварлаг сонголт байх болно. Гадуур нь олон давхар хувцас өмсөж, зузаалах шаардлагагүй, курткаа углаад гарахад л өвлийн хүйтэнд та ажрахгүй.


НЭЛМИЙСЭН ХӨНЖИЛ МЭТ ОРООЛТ

Хөнжил мэт том, нэлмэгэр ороолт ямар ч хувцсан дээр тохирно. Том байх тусмаа илүү гоё, илүү загварлаг. Мөрөө давуулаад хааш яйш шидэх, эсвэл хүзүүгээ хэд хэд давхарлаад ороосон ч болно.


ХООЛОЙТОЙ ЦАМЦ

Хэрэв та урт хүзүүтэй бол хоолойтой цамц хүзүүг тань улам чимнэ. Гадуур нь та зузаан ноосон цамц, ханцуйгүй даашинз, эсвэл дангаар нь өмсөөд жийнстэй хослуулж бас болно.


САВХИН ХҮРЭМ

Савхин хүрэм аль ч улиралд гологдохгүй сонголт. Бүх төрлийн хувцсанд силуэт нэмдэг савхин хүрмийг та куртка, шубаныхаа дотуур өмссөн ч болно. Жийнсэн өмд, богино ханцуйтай цамц, эсвэл богино юбка, сорочка гээд савхин хүрэмтэй хослол хувилбар олон бий.


ШАГАЙГААР ТАТСАН ТҮРИЙТЭЙ ГУТАЛ

Шагайгаар татсан түрийтэй гутал таны хувцасны шүүгээнд бүхий л цаг үед байх ёстой гол “зэвсгүүдийн” нэг. Загварлаг, хувьсах чадвартай энэ гутал хэзээ ч хуучрахгүй.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*