Сармистай нөхөрлө

2017 оны 1 сарын 4

Энэ жилийн өвөл эрт хүйтэрч, зутруу байна. Хүйтнийг улирлыг дагалддаг нэг зүйл нь ханиад томуу. Хэн нэг нь ханиад хүрээгүй өрх гэр үгүй. Эмнэлгүүд ханиаданд дарлуулсан хүүхдүүдээр дүүрч, хэвтэх ор хүрэлцэхгүй, хонгилд эмчлүүлж байгаа тухай мэдээлэл тасрахгүй байна.

Эмч нарын зүгээс ч ханиадыг шууд эм, антибиотикоор дарах биш аль болох уламжлалт аргаар эдгээх, дархлаагаа сайжруулахыг зөвлөж байна. Ханиад эхэлж байх үед аньс, чацаргана хэрэглэх нь тустай байгаа талаар олон нийтийн сүлжээгээр зөвлөгөө их байна. Аньс, чацарганаас гадна сармис хэрэглэхийг бас зөвлөж байна.

Сармисны нэг хумсанд 400 төрлийн ашигтай бодис агуулагддагыг эрдэмтэд тогтоожээ. Сармис нь хүний биеийг бүхий л хортой бодисоос цэвэрлэх үйлчилгээтэй. Бие организмыг халдварт бактер, вирусээс хамгаалж, артерийн даралтыг бууруулж, цусан дахь холестеринийг бууруулна.

Сармисыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхээс гадна хандалж уух нь маш их үр дүнтэй. Сармисны хандыг хэрхэн бэлдэх талаар зөвлөе.

Тунгалаг шилэн саванд сармисны 12 ширхэг хумсыг тус бүрийг дөрвөн хэсэг болгон жижиглэж хийгээд гурван стакан улаан виногоор хандална. Саваа таглаад нар туссан газарт /цонхны тавцан байж болно/ хоёр долоо хоног байлгаарай. Ингэхдээ өдөр болгон хоёроос гурван удаа сэгсрэхээ мартаж болохгүй. Хоёр долоо хоногийн дараа хандаа тунгалаг биш шилэнд саванд юүлж хийгээд цайны халбагаар өдөрт гурван удаа сарын турш ууна.

Энэ ханд нь биеэс давсыг хөөж, цусыг цэвэрлэнэ. Ингэснээр биеийн дархлаа сайжирна, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ, илүүдэл өөхийг хайлуулна, биеийн бодисын солилцоог сайжруулна, мөн эмэгтэйчүүдийн өвчний үрэвсэлд сайн, биеэс хорт бодисыг гадагшлуулна.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*