БЗДХ, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр шинэ төсөл боловсруулж байна

2017 оны 1 сарын 4

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар саналыг сонслоо. Тухайлбал, тус зөвлөлийн гишүүд БЗДХ, ХДХВ, ДОХ, сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлж буй Глобаль сангийн төслийн хугацаа энэ оноор дуусгавар болж байгаатай холбогдуулан Шилжилтийн үеийн төлөвлөгөө боловсруулж, Глобаль сантай байгуулсан гэрээний заалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа хэллээ. Түүнчлэн Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 2018-2020 онд хэрэгжих “ДОХ, сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх” төслийг боловсруулахад анхааран ажиллаж буйгаа дуулгасан юм.

Уулзалтын үеэр сайд “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байгаагаа хэлээд, тус сангийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, бодлогын түвшний ажлуудад зарцуулдаг байхыг хүслээ.

Энэхүү уулзалтаар Глобаль сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжих зарим үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 3.1.2-д заасан “Иргэн бүрийг жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, алслагдсан орон нутагт явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.” 3.1.6-д Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авна” гэж заасан зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах талаар ярилцав.

Глобаль Сангийн Үндэсний Зохицуулах Зөвлөлийн гишүүд төслийн үйл ажиллагааг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхүү чиглүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна