Халуухан ”залуу” Дешун Ван

2017 оны 1 сарын 6

Сэтгүүлч:
Б.Анхтуяа

Дешун Ван гэх нэрийг та магадгүй дуулайгүй байж болно. Гэхдээ тэрбээр “халуухан биетэй өвөө” эсвэл “80 настай загвар өмсөгч” гэдгээр цахим ертөнцөд алдаршсан нэгэн юм. Дешун Ван 2015 онд "Хятадын загварын долоо хоног"-т цээж нүцгэн тайзнаа алхсанаар олон зуун хүний анхаарлыг татсан. 79 настай тэрбээр залуусаас дутахгүй бие хаагаараа олны нүдийг анх хужирласан нь энэ юм.

2015 онд Хятадын загварын долоо хоногт тайзнаа алхсан нь

Дешун Ван жүжигчний мэргэжил эзэмшжээ. Тэрбээр Хятадын “Хориотой хаант улс”, “Газар тэнгэрийн дайчин” зэрэг кинонд дүр бүтээсэн юм.

Дешун Ван 1936 онд Хятадын зүүн хойд хэсгийн Лионинг мужид төрсөн бөгөөд 24 настайдаа Чанчун хотын театрт жүжигчнээр орсноор карьераа эхлүүлсэн байна. Тус театрт 20 гаруй жил ажилласныхаа дараа Бээжин хотын театрт шилжин иржээ.

Хятадын алдартай жүжигчид болох Жетли, Чаки Чан нартай хамт “Хориотой хаант улс” кинонд тогложээ.

Дешун Ван Хятадын эгэл өвөө нар шиг цэцэрлэгт хүрээлэнд хэдэн тоот дасгал хийх биш фитнесс төвд очиж, бодибилдингоор хичээллэдэг. Үүнээс гадна усанд сэлэх, цанаар гулгах дуртай. “Би өдөрт дөрвөн цаг биеэ хөгжүүлэх дасгал хийдэг. Гурван жилийн дотор миний бие энэ байгаа шиг хөгжсөн” хэмээн тэрбээр сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тулаант киноны жүжигчний хувьд тэрбээр байнгын бэлтгэл сургуулилт хийдэг байсан нь зуршил болж үлдсэн аж.

Тэрбээр усанд сэлэх, цанаар гулгах дуртай.

Нэр хүнд нь цахим ертөнцөд өсөхийн хэрээр тэр урам зориг орж, хүмүүст итгэл найдвар, хүч бэлэглэж буйдаа баярладаг болжээ. Дешун Ван 44 насандаа англи хэл, 49 насандаа дохионы хэл, 65 насандаа морь унаж, 78 насандаа мотоцикль хөлөглөж сурсан байна. Тэр бүхнийг хожуу эхэлсэн ч бүгдийг маш сайн сурч чаджээ. “Та хийж чадна гэж өөртөө итгэх юм бол амжилтанд хүрч чадна. Суралцахад хэзээ ч оройтдоггүй” хэмээн тэрбээр залууст захиж байна.

Дешун Ван 78 насандаа мотоцикл унаж сурчээ.

Түүний амьдрал дардан байгаагүй. Эхнэрээсээ салсны дараа маш их сэтгэлээр унаж, амьдрах итгэлгүй болж байжээ. Тэд 1966-1976 оны Соёлын хувьсгалын үеэр танилцаж гэрлэсэн ч нэг жилийн дараа салсан аж. “Хэн нэгнийг санаж, үгүйлэх нь сэтгэл зүйг үгүй хийдэг. Түүнийг эргэж ирэхгүйг мэдсээр байж би үргэлж галт тэрэгний буудал дээр хүлээн зогсдог байлаа. Зорчигчдын дундаас эхнэр минь гараад ирэх юм шиг санагддаг байсан” хэмээн Дешун Ван дурсан ярьжээ.

Бүтэн хоёр жилийг гансралын байдалтай өнгөрүүлсний дараа тэрбээр өөрийгөө “аврах”-аар шийдэж, хоббигоо хөгжүүлж эхэлсэн байна.

Дешун Ван эхнэрийн хамт

Хожим тэрбээр өөрөөсөө зургаан насаар дүү бүсгүйтэй учирч гэрлэжээ. Тэд 2016 онд хуримын 48 жилийн ойгоо тэмдэглэсэн байна. Дешун Ван ажил ихтэй байдаг ч сайн өвөө, хүндэт иргэн аж. Тэрбээр бусдын адил ач, зээ нараа өсч торниход маш сайн тусалдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*