Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ажиллалаа

2017 оны 1 сарын 6

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга нар өчигдөр /2017.01.05/ Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр төвийн үйл ажиллагаа болон шинээр нэвтрүүлж буй технологиудынхаа талаар танилцууллав. Тус төвд 2016 онд цус цуглуулах, үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах, тээвэрлэх, цахим бүртгэлийн нийт 108 нэр төрлийн 7.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэгдсэн байна. Харин аймгуудын Цусны салбар төвүүдэд нийт 9.9 тэрбум төгрөгийн 60 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэгдсэн ба донорын тухтай орчинг бүрдүүлж, 2 тэрбум төгрөгийн барилгын засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэжээ. Мөн Эрүүл мэндийн сайдын 2016 оны 93 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төвийн бүсийн зарим аймгуудаас сорьц тээвэрлэж эхэлсэн болон 2016-2017 онд хэрэгжүүлэх “Цахим төв” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Цусны албаны мэдээлэл, удирдлагын систем нь Засвар үйлчилгээ, удирдлагын систем, хүйтэн хэлхээний температур хяналтын систем, чанарын хяналтын систем болон тайлан, мэдээллийн систем, үндсэн үйл ажиллагааны нэгдсэн программ хангамжийг Цусны албанд нэвтрүүлж эхлээд байна.

Сайд А.Цогцэцэг төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөр болоод өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид ЭМЯ-аас явуулах үйл ажиллагаа, арга хэмжээний талаар тус төвийн ажилтнуудад мэдээлэл өгч, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлаар эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсов.

Сайд хэлэхдээ төвд нэвтрүүлж буй шинэ технологиудыг нутагшуулах, бусад эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд таниулах, мэдээлэл хүргэх чиглэлээр ажиллахыг онцолж, цаашид ЭМЯ-ны зүгээс бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна