Тав хүртэлх насны хүүхдийг гэрт нь очиж үзнэ

2017 оны 1 сарын 6

  • Ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан өрхийн эмч нар гэрээр явж, эргэлт хийн, эмчилгээ хийж эхэлжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ханиад томууны өвчлөл их байгаатай  холбогдуулан 0-5 насны хүүхдийг заавал эмнэлэгт ирж эмчлүүлэхгүй, дуудлагааар гэрээр нь очих чиглэлийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өгчээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сараас энэ ажил эхэлсэн байна. Тиймээс иргэд тухайн өрхийн эмнэлгийнхээ утасны дугаараар холбогдож, 0-5 насны хүүхэддээ гэрээр дуудлага өгч болох аж. Энэ талаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Нинагаас тодрууллаа.

-Бага насны хүүхдийн дунд ханиад их байна. Танай хорооны хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Баярын дараагийн долоо хоногоос ханиад томууны тохиолдол арай багаслаа. Оны өмнө бол өдөртөө 120-130 хүн ирж байсан. Түүнээс тав хүртэлх насны хүүхэд ихэнх хувийг эзэлж байлаа. Харин баярын дараагаас гайгүй болсон. Өчигдрийн байдлаар /2017.01.05/ гэхэд өрхийн эмнэлгийн дөрвөн эмч, дөрвөн сувилагч 90 үзлэг хийсэн байна. Түүний 20 гаруй нь ханиад хүрч, анх удаа өрхийн эмнэлэгтээ ирсэн хүүхдүүд байжээ. Ханиад томуу тусаад давтан ирж буй хүүхдүүд ч байна. Давтан ирж буй хүүхдийг эс тооцвол өвчлөл арай гайгүй болж байна.

Гол нь 0-5 насны, бага насны хүүхдийг гэрээр нь эргэж, үзлэг хийж байна. Ханиад томуу их учраас өрхийн эмнэлэгт авчирч, ханиадыг нь хүндрүүлэхгүйн тулд ийнхүү ажиллаж байгаа. Өчигдрийн хувьд 20 гаруй айлаар эргэлт хийсэн. Тэдний гурав нь бага насны хүүхэд байсан. Зарим хөнгөн хатгаа, ханиад томуутай, ирж чадахгүй хүүхдээ эргэж байна. Мөн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт хэвтээд гарсан хүүхдүүдийг гэрээр нь эргэдэг. Бас хэвтэхээр очоод хэвтэж чадалгүй буцсан хүүхдийн мэдээллийг фэйсбүүк группээс авч өдөрт нь эргэдэг. Энэ мэтчилэн гэрийн эргэлтийг түлхүү хийж байна.

-Ихэвчлэн ямар төрлийн ханиад зонхилон тохиолдож байна вэ?

-H3N2 төрлийн ханиад томуу зонхилон тохиолдож байна. Гуурсан хоолойн бөглөрөл, хатгаа хавсарсан. Хоолой бачуурсан шинж тэмдэгтэй хүүхдүүд их ирж байна. Сүүлийн тав хоногт арай гайгүй болсон.

-Бага насны хүүхэд өвдөөд гэрээр дуудлага өгөхөд хэзээ ч гэсэн ирэх боломжтой юу?

-Эмч нар маань өдрийн 13.00 цаг хүртэл эмнэлэгтээ үзлэг хийгээд, үдээс хойш гэрээр эргэлт хийж байна. Иргэд ихэнхдээ утсаар дуудлага өгдөг. Яаралтай дуудлага биш бол бүгдийг нийлүүлж байгаад явдаг. Үүнээс гадна хорооныхоо ханиад томуугаар өвчилсөн, хүндэрсэн, эргэх шаардлагатай хүүхдүүдээ ангилж ялгаад, өдөр өдөртөө график гаргаад явдаг.

-Гэрээр дуудлага өгөхөд зовиур ихтэй тохиолдолд л очиж үзэх үү. Эсвэл дуудсан болгонд хүрч үйлчилж байна уу?

-Дуудсан болгонд 100 хувь хүрч ажиллаж байна.  Бага насны хүүхдүүд ихэвчлэн халуурсан, ханиалгасан дуудлага ирдэг.

-Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эцэг, эхчүүд хүүхдээ өнөөдөр халуурлаа, яг одоо зогсоомоор байна гэдэг. Нэгэнт вирусээр үүссэн амьсгалын замын хурц цочмог халдвар юм чинь нэг хоногтоо намдана гэж байхгүй. Гол нь ханиадыг нь хүндрүүлэхгүйгээр гэрийн асаргаа, сувилгааг сайн хийх хэрэгтэй.  

Хүүхдээ дулаан, чийглэг орчинд байлгах. Шингэн юм их уулгаж, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ сайн хийх нь чухал. Мөн зөгийн балтай сүү, чацаргана, аньс, нохойн хошуу, цагаан гаатай шөл, аарц зэргийг өгөх хэрэгтэй. Гол нь дур мэдэж эм уулгахгүй байх ёстойг анхаараарай. Эмч нарын заасан эмийг зааврын дагуу өгөөд байвал гурав хоногоосоо ханиад намдаад ирнэ.

Мөн эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө хувцсыг нь тохируулах хэрэгтэй байна. Хүүхдийн гар цэв хүйтэн, хөл нь даарсан, толгой нүцгэн, нус нь гоожсон явж байдаг. Малгайг нь тогтмол өмсгөж, ороолт зүүлгэх хэрэгтэй.  Амыг нь хааж байгаа ороолт, амны хаалтыг ойр ойрхон угааж цэвэрлэх нь чухал. Гарын ариун цэврийг сайн сахиулиарай. Цаашлаад хүүхдийнхээ дархлааг сайжруулах жимс, сүү, цагаан идээ, аарц  тогтмол уулгаж байвал ханиад томуу хүндрэхгүй байх боломжтой. 

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна