Антрактидад кирилл үсгийн хөшөө босно

2017 оны 1 сарын 7

Антрактидад байрлах Монгол Улс, Болгар Улсын судалгааны баазын нутаг дэвсгэр дээр Кирилл үсгийн хөшөө босгох ажил 2017 онд Болгар Улсаас Антрактидад явж буй 25 дахь экспидецийн хийх чухал ажлын нэгд тооцогдож байна. Тус экспидецийн бүрэлдэхүүнд Монгол Улсын хоёр судлаач оролцож байгаа юм. Тус үйл явдалтай холбогдуулан Монгол Улсаас БНБУ-д суугаа ЭСЯ-ны байранд хэвлэлийн бага хурал болов.

Хэвлэлийн бага хуралд Элчин сайд Л.Дүгэржав, Болгарын талаас проф. Николай Овчаров, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн генерал Румен Ралчев, хөшөөг зохион бүтээсэн инженер Младен Станев, Монгол-Болгарын найрамдлын нийгэмлэг, Болгар-Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.
Проф. Николай Овчаров хэлэхдээ “Хүн төрөлхтний соёлын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн Кирилл үсгийн хөшөөг босгох тухай бидний хэдэн нөхөд санаачилга гарган түүнийгээ хэрэгжүүлэн анхны хөшөөг агуу их Чингис хааны өлгий нутаг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн жил босгосон. Энэхүү арга хэмжээг дэмжин анхнаас нь гар бие оролцож бүхий л талын туслалцаа үзүүлсэн Болгар Улсын Антрактидын судалгааны багийн гишүүн, Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд, профессор Л.Дүгэржав, Хан-Уул дүүргийн захиргаанд бид талархаж явдаг”-аа илэрхийлэв. Түүнчлэн Антрактидад босгох Кирилл үсгийн хөшөөний зардлыг сайн дурын хандивлагчдын тусалцаатайгаар бүрдүүлснийг дурдаж хөшөөг бүтээхэд тусалсан бүх хүмүүст талархаж буйгаа хэлэв.

Элчин сайд Л.Дүгэржав энэ удаагийн судалгааны багт монголын талаас Эрдэнэт ХХК-ийн Геологи, маркшедрийн хэлтсийн өрөмдлөг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн, доктор Д.Түвшинбаяр, Засвар монтажийн цехийн дарга, зөвлөх инженер Х.Баяраа нар оролцож байгааг танилцуулав. Тэрээр эдгээр судлаачид нь Антрактид дахь Монголын баазын суурийг тавих, цаг уурын автомат станц байрлуулан, Болгарын олон улсын төслийн ажилд оролцох тухай мэдээлж, хөшөөг босгоход оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлэв.
Антрактидад босгох Кирилл үсгийн хөшөөг хамгийн сүүлийн үеийн технологи, чанарын өндөр түвшинд боловсруулсан метал ашиглан үйлдвэрлэсэн байна. Тус хөшөөг Софийн Их сургуульд байрлуулж олон нийтэд сурталчлах бөгөөд 1 дүгээр сарын 15-нд Антрактид руу зөөвөрлөж энэ ондоо багтаан босгох юм байна.

Эх сурвалж: ГХЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*