АНУ-ын сонгуульд нөлөөлөхийг Путин үүрэгдсэн гэв

2017 оны 1 сарын 7

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлж, Дональд Трампыг ялахад тусалсан гэж АНУ-ын Тагнуулын алба мэдэгдлээ.

Тагнуулын төв газраас олон нийтэд ил тодоор танилцуулсан 25 хуудас бүхий хураангуйлсан тайланд сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөхийг Оросын төрийн тэргүүн өөрийн биеэр үүрэг болгосон гэж дурджээ. Баасан гаригт /2017.01.06/ танилцуулсан Тагнуулын төв газрын тайлантай холбогдуулж, Москва ямар нэг хариу мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ үүнээс өмнө ОХУ-ын зүгээс АНУ-ын сонгуулийн үйл явцад оролцоогүй, хакер ажиллагаа зохион байгуулаагүй гэж мэдэгдэж байсан билээ.

Тайланд дурдсанаар ОХУ-ын гол зорилго нь Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны эсрэг материал цуглуулж, нэр хүндийг нь унагах, улмаар АНУ-ын ардчиллын үйл явцад итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг төөрөгдүүлэх замаар сонгуулийн үр дүнд нөлөөлөх явдал гэж дүгнэжээ. Мөн Владимир Путин болон Оросын засгийн газар ерөнхийлөгчөөр сонгогдсон Трампын ялалтад хүрэх замыг зассан гэсэн байна.

Тайланд Путин хакер ажиллагаа явуулах тушаал өгснийг батлах дэлгэрэнгүй баримт дурдсангүй, харин ОХУ-ын хакеруудын үйлдлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд,

  • Ардчилсан намын үндэсний хороо болон тус намын топ лидерүүдийн цахим хаягийг хакердсан

  • Хакер ажиллагаагаар олж авсан мэдээллээ WikiLeaks, DCLeaks.com болон Guccifer 2.0 зэрэг сайтаар олон нийтэд түгээсэн

  • Суртал нэвтрүүлэг явуулах, сошиал орчинд бохир, тааламжгүй сэтгэгдэл бичих зохион байгуулалттай багт төлбөр төлж, ажиллуулсан гэсэн байна.

Тайлангийн дэлгэрэнгүй эх хувийг өнгөрсөн пүрэв гаригт ерөнхийлөгч Барак Обамад хүргүүлсэн бөгөөд дараа нь АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тагнуулын байгууллагын удирдах албан тушаалтнуудтай уулзаж, тайлантай танилцсан байна. 2016 оны арваннэгдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулснаас хойш Трамп ОХУ сонгуулийн дүнд нөлөөлсөн гэх тагнуулын байгууллагын дүгнэлтийг няцааж байсан юм. Харин тайлантай биечлэн танилцсаны дараа зарим нэг үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн байна. Тухайлбал, Ардчилсан намын үндэсний зөвлөлийн материалыг ОХУ хууль бусаар олж авсан байж болзошгүй гэж үзсэн байна. Гэхдээ сонгуулийн үр дүнд ямар ч нөлөө үзүүлээгүй гэж дүгнэжээ.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*