Цана, тэшүүр, мөсний шагай, сурын харваатай наадам

2017 оны 1 сарын 7

Сэтгүүлч:
Ч.Болорчулуун

Хэнтий аймгийн Биндэр суманд өнөөдөр \2017.01.7\ өвлийн спортын наадам эхэллээ. Хоёр өдөр \2017.01.7-8\ үргэлжлэн явагдах энэ удаагийн наадам цана, тэшүүр, мөсөн шагай болон сурын харваагаар болж байна.

Биндэр сумын Засаг даргын Тамгын газраас жил бүрийн нэгдүгээр сард Цасны баярыг хийдэг уламжлалтай. Энэхүү уламжлал хүрээгээ тэлж, энэ жил өвлийн спортын олон төрлүүдийг багтаасан байна.

Монголын цанын холбоотой хамтран Зүүн бүсийн АШТ болон “Чингис хаан цом”-ын туршилтын анхдугаар тэмцээнийг өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулж байна. Мөн Монголын тэшүүрийн мастеруудын холбоотой хамтран өсвөрийн тамирчдын дунд “Чингис хаан цом”-ын нээлттэй тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэ нутгийн ард түмэн мөсний шагайг хөгжүүлж ирсэн бөгөөд эдгээр өдрүүдэд аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн буриад сурын харвааг энэ жил багтаасан нь төрөл бүрийн спортын авьяастай гэдгээ ирсэн зочид гийчдэд харуулаад авлаа.

Биндэр суманд болж байгаа цана, тэшүүр, шагайн харвааны тэмцээнд Хэнтий аймгийн сумдаас гадна Төв, Дорнод, Булган, Орхон, Сүхбаатар аймгаас тамирчид ирж оролцож байна. Тэр дундаа цанын “Чингис хаан цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид оролцохоор иржээ.

Мөн алс хол Швейцарь, Норвеги улсаас цанын ахмад тамирчин хүрэлцэн ирж, баг тамирчдад спортын өндөр амжилтыг хүслээ.

Өнөөдөр цанын Зүүн бүсийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд 70 гаруй тамирчид оролцож байна. Энэ цагт хөвгүүдийн 7.5 км, охидын 5 кмын уралдаан болж, аваргууд тодорлоо.

Хөвгүүд: 7.5 км

  1. Мөнхсүмбэр \Биндэр\ - 32 миунт 15 секунд 60 доль
  2. Т.Өсөxбаяр \Биндэр\ - 32.48.58
  3. О.Батбаатар \Биндэр\ - 32.29.81

Охид: 5 км

  1. Д.Оюунчимэг \Төв аймаг\ - 20.23.35
  2. Д.Энхчимэг \Орхон\ - 21.32.56
  3. Б.Батшүр \Төв аймаг\ - 21.59.63 тус тус эхний байруудад орлоо.

Маргааш цанын "Чингис хаан цом"-ын нээлттэй тэмцээн болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*