Чөлөөт бөхийн УАШТ: Эхний өдрийн медальтнууд

2017 оны 1 сарын 8

Д.ГОМБОДОРЖ 4 ДЭХ УДАА, Э.ДАВААЧИМЭГ, Э.НАРАНГЭРЭЛ, Б.ШООВДОР НАР 3 ДАХЬ УДАА, Ш.ТҮМЭНЦЭЦЭГ ХОШОЙ УЛСЫН АВАРГА БОЛОВ

Эрэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 39 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 15 дахь удаагийн УАШТ өчигдөр /2017.01.07/ “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж, 4 дэвжээн дээр явагдаж байна. Эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97 кг, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан боллоо.

Энэхүү УАШТ-нд нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймгийн Биеийн тамир, спортын хороо, “Аврагч”, “Алдар”, “Сүлд”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, “Алдартан”, “Арслан”, “Гацуурт-Олимп”, “Женко”, “Хасу-Мегастарс”, “Хангарьд”, “Харгант-Цамхаг”, “Цастын барс” клуб, “Даян” бөхийн дэвжээ, ”Аварга” биеийн тамирийн дээд сургууль, ҮБТДС, БТСДуС, Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль зэрэг 23 биеийн тамир, спортын хороо, клубын бөхчүүд өрсөлдөж байна.

Эхний өдөр 97 эрэгтэй , эмэгтэй 41 нийт 138 бөх барилдсаны дотор эрэгтэй 57 кг-ын жинд ҮБТДС-ийн бөх, Азийн элсний наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Д.Балжинням, “Арслан” клубын бөх, азийн өсвөрийн аварга, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, 65 кг-ын жинд “Гачуурт-Олимп” клубын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Номин, “Алдар” спорт хорооны бөх, армийн болон оюутны ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, “Алдар” спорт хорооны бөх, армийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, “Женко” клубын бөх, азийн сонгомол барилдааны аварга, олон улсын хэмжээний мастер Г.Чойгожид, 74 кг-ын жинд “Сүлд” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, 97 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны бөх, Азийн наадмын болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар, эмэгтэй 48 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх, ДАШТ-ний хүрэл медальт, азийн хошой аварга, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, “Хангарьд” клубын бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 55 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг, “Хилчин” спорт хорооны бөх, залуучуудын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, 60 кг-ын жинд “Аварга” биеийн тамирийн дээд сургуулийн бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер О.Оюунтуяа, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, 69 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны бөх, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, “Алдар” спорт хорооны бөх, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан нарын өнөө цагийн шилдэг бөхчүүд зодоглолоо байна. 97 кг-ын жинд азийн аварга, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, эмэгтэй 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар УАШТ-нийг бэртлийн улмаас өнжсөн байна.

Энэ тэмцээнд 34 шүүгч ажиллаж байгаагийн дотор 19 олон улсын шүүгч байна, тэмцээний ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав нар ажиллаж байна.

МЧБХ-ноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн УАШТ-ний нээлтийн ажиллагаанд МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат тамирчин Б.Болд, “Туушин” компанийн дэд захирал, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, “Тас-Петриолеум” компанийн захирал Ц.Отгонбаатар, “Буянт-Ухаа” спортын ордны захирал, холбооны Сургалт, дасгалжуулалт, техникийн зөвлөлийн дарга Ло.Энхбаяр, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, холбооны Мэргэжлийн зөвлөлийн дарга, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, Гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Биеийн тамир, спортын газрын дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, тус газрын Үндэсний шигшээ багуудын албаны дарга, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, ОХУ-ын Буриад улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Одонбаяр, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, Гавьяат эмч Ч.Насанбат нар оролцлоо.

Тэмцээнийг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов. Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч А.Басхүү, Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, ДБНХ-ны Хүндэт шүүгч Ц.Чойнхор, Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Гавьяат тамирчин, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, ахмад дасгалжуулагч Г.Баясгалан, ахмад бөх Улсын заан, олон улсын хэмжээний мастер Ч.Гочоосүрэн, Д.Хишигдорж, олон улсын хэмжээний мастер Ж.Мягмаржав, Ш.Рагчаа, ахмад шүүгч Б.Нэргүй, БНСУ-ын чөлөөт бөхийн холбооны Шүүгчдийн Зөвлөлийн дарга Ли Мин Хо нар үзэж сонирхлоо.

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар УАШТ-нийг нээж үг хэлэхдээ “Энэ УАШТ нь Зуны олимпийн “Токио-2020” наадмын мөчлөгийн эхний жил болж байгаагаараа бөхчүүд, дасгалжуулагчдын хувьд хариуцлагатай тэмцээн болж байна. Хэдхэн хоногийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар “Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах журам” батлагдсан. Иймд энэ тэмцээн нь чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багт авах бөхчүүдийг сонгон шалгаруулах чухал үзүүлэлт болох юм. МЧБХ-ны Удирдах зөвлөлөөс саяхан “Тивийн наадам, ДАШТ, тивийн болон олимпийн наадмын сонгон шалгаруулалтын журам” батлан гаргаж энэ оны наймдугаар сард Франц улсын Париж хотод болох ДАШТ-нд оролцох бөхчүүдийн сорилго тэмцээнийг зургаадугаар сард хийхээр төлөвлөөд байна. УАШТ-нд жин тус бүрт түрүүлсэн бөхчүүд сорилго тэмцээнд шууд оролцох юм. Тавин жилийн тэртээ Энэтхэг улсын Дели хотод болсон ДАШТ-ний 87 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат хүрэл медаль хүртсэний 50 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын тамирчдаас ДАШТ-ний анхны медалийг чухамдаа чөлөөт бөхийн тамирчин хүртсэнд чөлөөтийн бид ямагт бахархаж байдаг юм. Татвар төлөгчдийн мөнгөөр бүхий л тэмцээнд оролцож байгаа болохоор ард түмний өмнө өндөр хариуцлага хүлээж байгаагаа бөхчүүд, дасгалжуулагчид сайтар ойлгож байх хэрэгтэй байна. Эв нэгдэл, зохион байгуулалт бидэнд маш чухал байна. Энэ онд “Mongolia Open” олон улсын тэмцээн уламжлал ёсоор болно. Манай бөхчүүд, дасгалжуулагчид оныхоо гол тэмцээнд бэлтгэл сайтай ирсэн гэдэгт найдаж байна. Хашир туршлагатай бөхчүүд, идэр залуу бөхчүүд хүч тэнхээ, ур чадвар, оюун ухаанаа уралдуулж үзэгчдийг шуугиулсан олон сайхан барилдаан харуулна гэдэг итгэж байна.” гэж онцлон дурдлаа.

2016 оны Шилдгийн шилдэг шүүгч болсон МУБИС-ийн Урлаг, биеийн тамирийн сургуулийн багш, олон улсын шүүгч Х.Чойжилжав, оны Шилдэг шүүгч болсон Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч, олон улсын шүүгч Ю.Батсайхан нарт хүртээсэн өргөмжлөлийг МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат тамирчин Б.Болд гардуулж баяр хүргэлээ.

Нээлтийн ёслол дээр спортын мастер, уртын дууч Д.Алтаншагай уртын дуугаар ая дууны мэнд хүргэлээ.

Эмэгтэй 48 кг-ын жинд дөрөвний нэгийн барилдаанд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал өрсөлдөгчөө шидэж 4 оноо авсан ч хариу мэхэнд орж олон улсын хэмжээний мастер Ц.Нарангэрэлд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаанд “Арслан” клубын бөх С.Энхтунгалагийг 20:8 онооны харьцаагаар илүүрсхэн хожсон. Жин өгсөн барилдсан олон улсын хэмжээний мастер Б.Номин хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаад хожигдсон. Шувтаргын барилдаанд 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг олон улсын хэмжээний мастер А.Батцэцэгийг 6:4, 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор олон улсын хэмжээний мастер Б.нямгэрэлийг 4:3, 557 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Батболд олон улсын хэмжээний мастер З.Занабазарыг 6:2, 65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа олон улсын хэмжээний мастер Б.Батмагнайг 10:0, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж олон улсын хэмжээний мастер Б.Анхбаярыг 11:1 онооны харьцаагаар хожсон.

1999 онд болсон эмэгтэй чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-нд оролцож 44 кг-ын жинд хүрэл медаль авч байсан спортын мастер А.Чанцалнямаа УАШТ-ндээ 12 дахь удаагаа оролцож 69 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж Бүх ард түмний спортын наадам, УАШТ-нээс нийтдээ 4 мөнгө, 7 хүрэл медаль авч шилдэг бөх болохоо дахин нотолж эмэгтэй бөхчүүддээ үлгэр жишээ болж байна.

Тэмцээний эхний өдөр олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж 4 дэх удаа, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг, олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор нар 3 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг хошой, олон улсын хэмжээний мастер Н.Лхамгармаа, олон улсын хэмжээний мастер С.Батболд, спортын мастер Ө.Батзул нар анх удаа улсын аварга болцгоолоо.

Эхний өдрийн байдлаар “Хилчин” спорт хороо 3, “Сүлд” спорт хороо 2, “Алдар”, “Хүч” спорт хороо, “Хангарьд” клуб тус бүр 1 алтан медаль аваад байна.

УАШТ-нийг “МҮОТВ", "ETB" зурагтаар шууд дамжуулж байна.

2017 оны УАШТ-нийэхний өдрийн дүн

ЭРЭГТЭЙ

        57 кг

1. Содномдашийн Батболд /”Сүлд” спорт хороо, Оюутны ДАШТ, Азийн спортын наадмын болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

2. Занданбудын Занабазар /”Арслан” клуб, өсвөрийн ДАШТ-ний болон азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, тивийн өсвөрийн аварга/

3. Батсайханы Далайбаяр /”Цастын барс” клуб/

3. Алтансувдын Мөнх-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб/

Энэ жинд 22 бөх өрсөлджээ.

        65 кг

1. Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга, азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

2. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо, армийн болон оюутны ДАШТ-ний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт/

3. Батсуурийн Наранболд /”Хасу-Мегастарс” клуб/

3. Батболдын Номин /“Гацуурт-Олимп клуб, насанд хүрэгчдийн болон залуучуудын ДАШТ-ний мөнгө, азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

Энэ жинд 21 бөх өрсөлджээ.

        74 кг

1. Доржваанчигийн Гомбодорж /”Сүлд” спорт хороо, оюутны ДАШТ-ний хүрэл, азийн насанд хүрэгчдийн болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

2. Батчулууны Анхбаяр /”Сүлд” спорт хороо, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Азийн элсний наадмын болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

3. Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/

3. Ганболдын Төрболд /”Женко” клуб, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

Энэ жинд 27 бөх өрсөлджээ.

        97 кг

1. Өлзийсайханы Батзул /”Хүч” спорт хороо/

2. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/

3. Бат-Очирын Гончигтавхай /”Цастын барс” клуб/

3. Пүрвээгийн Өсөхбаатар /”Хилчин” спорт хороо, Азийн наадмын болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

ЭМЭГТЭЙ

        48 кг

1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, залуучуудын ДАШТ-ний хүрэл, азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, залуучуудын тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт/

2. Буяндалайн Чимгээ /”Ханьгард клуб, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

3. Цогтбазарын Энхжаргал /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, Азийн спортын наадмын хошой хүрэл медальт, азийн хошой аварга /

3. Бямбасүрэнгийн Мөнхнар /”Алдар” спорт хороо, өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт/

Энэ жинд 16 бөх өрсөлджээ.

        55 кг

1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга, оюутны ДАШТ-ний болон азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

2. Алтанцэцэгийн Батцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, дэлхийн залуучуудын аварга, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт, азийн залуучуудын болон өсвөрийн аварга/

3. Баяраагийн Халиунаа /Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

3. Бат-Очирын Болортуяа /”Женко” клуб/

Энэ жинд 10 бөх өрсөлджээ.

        60 кг

1. Баатаржавын Шоовдор /”Хилчин” спорт хороо, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

2. Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо, залуучуудын ДАШТ-ний хүрэл, өсвөрийн ДАШТ-ний хошой хүрэл, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

3. Отгонбатын Оюунтуяа /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль, азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

3. Хүрэлхүүгийн Болортуяа /”Аврагч” спорт хоо, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт/

        69 кг

1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, тивийн элсний аварга шалгаруулах тэмцээний аварга/

2. Амгаланбаатарын Чанцалнямаа /”Хасу-Мегастарс” клуб, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/

3. Энх-Амарын Даваансан /”Алдар” спорт хороо, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт /

3. Мөнхбатын Хишигмаа/”Арслан” клуб/

Энэ жинд 8 бөх өрсөлджээ. 

ЭХ СУРВАЛЖ: WRESTLING.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*