АН-ыг өөрчлөх тэдний төлөвлөгөө

2017 оны 1 сарын 8

УИХ-ын сонгуулиар эрх мэдлийн гадна үлдсэн Ардчилсан нам өөрсдийгөө шинэчлэх томоохон зорилтыг тавьж, үүнийхээ эхлэл болгон өнөөдөр шинэ даргыг сонгох сонгуулийг дотооддоо зохион байгуулж байгаа юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд зохион байгуулсан Ардчилсан намын зургадугаар Их хурлаар намын шинэ даргаа намын гишүүдийнхээ тэгш оролцоотойгоор сонгохоор болсон юм. Үүний хүрээнд таван нэр дэвшигч 240 сая төгрөгийн хандивыг намдаа тушааснаар Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөх эрхээ олж авсан бол тэднийг сонгох сонгуульд тэгш боломж олгох үүднээс бүх гишүүдээ шинэчлэн бүртгээд байна.

Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл 116 мянган гишүүн оролцжээ. Тэд бүгд намын даргын төлөө саналаа өгөх эрхээ авсан байна. Түүнчлэн шинэ бүртгэлээ сунгаж өгөх хүсэлтийг намын жирийн гишүүдээс нь тавьж байгаа гэнэ. Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн сурталчилгаа энэ сарын 28-наар хаагдаж, 29-нд орон даяар нэгэн зэрэг санал хураалт явагдана.

Санал хураалтыг зохион байгуулах сургалтыг Ардчилсан намаас зохион байгуулж байгаа аж. Ардчилсан намын гишүүд намын үнэмлэх, иргэний үнэмлэхтэйгээ хамт харъяа аймаг, сум, дүүргийнхээ санал хураах байранд очиж саналаа өгөх юм байна.

Санал хураах өдөр ойртох тусам нэр дэвшигчдийн дундах өрсөлдөөн ширүүсч, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр бие биенээ “харвах” явдал ч гарах болов. Намын даргын зүгээс Алунгоо эхийн түүхээс сэдэвлэн эв эеэ хичээгээрэй хэмээн тараасан таван сумаар нэг, нэгийгээ харваад эхэллээ гэсэн шүүмжлэл ч гарч байна.

Ардчилсан намыг хэрхэн өөрчлөх талаар эвийн сумтай таван эрхмийн мөрийн хөтөлбөрөөс товчхон хүргэе.

Н.Алтанхуяг: Ерөөсөө л нам гэсэн том хамт олноос гарч байгаа шийдвэр гишүүдээрээ л хэлэлцэгддэг байх ёстой. Боловсон хүчнээ бэлтгэхээс эхлээд бүхий л асуудал үүрийн гишүүдээс эхлэлтэй байх учиртай.

Лу.Гантөмөр: Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хийсэн алдаануудаа засах хэрэгтэй. Үүнийг эрс өөрчлөлт гэж байгаа юм. Хамгийн гол алдаа бол гишүүдээсээ холдсон, бас тэднийгээ гомдоосон байна. Ард түмний итгэлийг алдсан байна. Тэр итгэлийг авахын тулд хөгжлийн хөтөлбөрийг маш зөв гаргах хэрэгтэй. Гишүүдийнхээ итгэлийг олохын тулд гишүүдийн нам болох ёстой. Бид ард түмний өмнө хариуцлагатай, эв нэгдэлтэй нам болох учиртай. Эв нэгдэл нь зарчим дээр гарч ирдэг байх ёстой.

Д.Эрдэнэбат: Би өнөөдөр Ардчилсан намын төлөө гэсэн уриатайгаар энэ сонгуульд оролцож байгаа. Ардчилсан намын эв нэгдлийн төлөө, Монгол төрийн эв нэгдлийн төлөө, монгол түмний эв нэгдлийн төлөө гэдэг уриатай оролцож байна.

С.Эрдэнэ: Юуны түрүүнд өнөөдөр энэ намыг эв нэгдэлтэй, хүчирхэг, Монголын улс төрийн тэргүүлэх хүчин болгох зорилго бол миний мөрийн хөтөлбөрийн цөм.

Ж.Батзандан: Ардчилсан намын бүтцийн хувьд оруулах шинэчлэл, үзэл санааны шинэтгэлийн асуудал, санхүүжилт, сахилга хариуцлагын шинэтгэл гээд хэд хэдэн зүйлээс мөрийн хөтөлбөр маань бүрдэж байна.

Ардчилсан намыг шинэчлэх зорилгоо тэд ингэж тодорхойлж байна. Гэвч, үнэндээ Ардчилсан намыг популизм биш бодлого л шинэчилж чадна.

Ямар ч байсан гишүүдээ шинэчлэн бүртгэж, бүх гишүүдээсээ намын даргаа сонгох нь Ардчилсан нам төдийгүй Монголын улс төрийн намуудын хувьд шинэчлэлийн эхлэл тавигдаж байна гэж харж болно. Хамгийн гол нь Ардчилсан намын даргын сонгууль шударга болсон тохиолдолд шүү дээ.

Б.ХОНГОР