Гэр хорооллын өрхийн галын аюулгүй байдлыг хангах аян эхлүүлнэ

2017 оны 1 сарын 8

Нийслэлийн гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор маргаашнаас /2017.01.09/ иргэдийг галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газраас эхлүүлэхээр болжээ. Учир нь шөнийн хэрэглээний тарифыг тэглэхтэй зэрэгцэн халаагуур болон цахилгааны хэрэглээ нэмэгдэх тул эрсдэл гарч болзошгүй хэмээн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээг маргаашнаас эхлээд 30 хоногийн хугацаанд хийх юм. Энэ хүрээнд иргэдэд, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг сурталчилж, гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах юм байна. Мөн иргэдэд сургалт зохион байгуулах, мэргэжлийн байгуулагатай хамтран гэр, байшингийн цахилгааны монтажинд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөгөө өгч, стандартын шаардлага хангуулах сэрэмжлүүлэг хүргэх юм байна.

Дашрамд дуулгахад, цахилгааны хөнгөлөлтийн хугацаа оройн 21.00-ээс өглөөний 06.00 цагийн хооронд байна. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани болон бусад холбогдох байгууллагаас ч сануулга гаргажээ.

  • Хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.

  • Стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.

  • Хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөргүй байна.

  • Ахуйн хэрэгцээнд орой, шөнийн цагт хэрэглэх цахилгааны сарын дээд хязгаар:

220В-ийн хэрэглэгч 700 кВт.ц

380В-ийн хэрэглэгч 1500 кВт.ц байна.

  • Эвдрэл, гэмтэлтэй залгуур, унтраалга, олон залгаастай оруулгын утас зэргийг даруй шинэчлэх

  • Цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгаж хэвших, олноор нь зэрэг залгахгүй байхыг санууллаа.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна