Монгол Улс нэг сая хүүхэдтэй

2017 оны 1 сарын 9

Сэтгүүлч:
Д.Уламбаяр

-2016 онд гэрлэлтээ батлуулсан  17 мянган иргэнийг насаар нь авч үзвэл 18-24 насны эмэгтэйчүүд, 25-34 насны эрчүүд хуримаа хийж, гэр бүл болжээ. Эндээс сүүлийн жилүүдэд монгол эрчүүд хожуу насандаа, эмэгтэйчүүд эрт гэр бүл зохиодог болсон нь харагдана гэж /ОӨУБЕГ/-ын Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг ярилаа-

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-аас 2016 оны бүртгэлийн статистик мэдээллийг өнөөдөр /2017.01.09/ танилцууллаа. Нэг жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам 65 мянгаар нэмэгдэж, 3.1 саяд хүрчээ. Энэ дунд Монгол Улсын иргэншлийг шинээр авсан таван иргэн байна. Эднээс гурав нь харьяаллаа сэргээхийг хүсч, үлдсэн хоёр нь шинээр иргэн болох хүсэлтээ тавьжээ. Ингээд Монгол Улсын нийт хүн амыг хүйсээр нь ангилж харвал, эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 30 орчим мянгаар илүү байна. Насны хувьд нийт хүн амын нэг сая нь 18-аас доош насны залуус. Үлдсэн хоёр сая 100 орчим мянга нь 18-аас дээш насны хүмүүс байх юм. Хүн бүрийн хурууны хээг баталгаажуулж, дээрх хүн амын тоог гаргасан учраас зөрөхгүй гэдгийг албаныхан онцлов.

Эдгээр статистик мэдээллээс гадна сонирхол татсан өөр нэг тоо баримт байна.  Тодруулбал, 2016 онд гэрлэлтээ батлуулсан  17 мянган иргэнийг насаар нь авч үзвэл 18-24 насны эмэгтэйчүүд, 25-34 насны эрчүүд хуримаа хийж, гэр бүл болжээ. Эндээс сүүлийн жилүүдэд монгол эрчүүд хожуу насандаа, эмэгтэйчүүд эрт гэр бүл зохиодог болсон нь харагдана гэж /ОӨУБЕГ/-ын Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг ярилаа.

ХОТЫГ ЗОРИХ ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨН БУУРЧЭЭ

Улсын хэмжээнд 2016 онд нийт 104 мянга орчим иргэн шилжилт хийлгэжээ. Үүнээс 25 мянга нь нийслэлд, 26 мянга 500 иргэн нь аймагуудад шилжин ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2012-2015 онд бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөнтэй харьцуулахад өнгөрсөн жил Улаанбаатар хот руу орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо буурч, нийслэлээс хөдөө рүү шилжин явах иргэдийн тоо өсчээ.

Харин гадаад паспорт захиалж, гадагшаа явах иргэдийн тоо өнгөрсөн жил нэмэгдсэн гэв. Монгол Улсын нийт иргэдийн хоёр сая орчим гадаад паспорт захиалан авчээ. Гэхдээ өнгөрсөн намраас гадаад паспортын захиалга, сунгалтыг дүүрэг бүрт болоод нэг цэгийн үйлчилгээ явуулдаг гурван газар хийдэг болсныг иргэд сайн мэдээгүй байсныг албаныхан онцолж байна.

Зураглаач Э.ЭНХБАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна