Онц байдлын үеэр эрчүүдийг дайчилжээ

2017 оны 1 сарын 9

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд орших Хөнжилийн гол, Мааньтын гол үерлэснээс зарим айл, өрх усанд автсан тул сумын Засаг дарга өнөөдөр захирамж гаргаж, түр хугацаанд Онц байдал тогтоосон юм. Онц байдал тогтоосонтой холбоотойгоор сумын төвд амьдардаг эрэгтэйчүүдийг дайчилж, шар усны үерийг айлууд руу оруулахгүй, сумын дундуур урсгах арга хэмжээ авахаар ажиллаж эхэлжээ.  Дайчилгаанд 18-50 насны бүх эрчүүд хамрагдсан байна.  Мөн Мааньт голын урсацыг түр өөрчлөхөөр ажиллаж байгаа юм байна. Учир нь тус голын урсгалыг өөрчлөхгүй бол илүү олон айл усанд автах эрсдэлтэй аж.  Шар усны үерээс болж 30 орчим айл усанд автсанаас 10 нь нүүжээ.

Түүнчлэн сумын Засаг даргын Тамгын газар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хандаж, тусламж хүссэн байна.  Сумын иргэдийн яриагаар бол Хөнжилийн гол, Мааньтын гол нь жил бүр үерлэдэг. Тиймээс үерийн ус сум руу орж ирж, усанд автуулахаас урьтаж арга хэмжээ авах ёстой гэх шаардлагыг зарим иргэд тавьж ирсэн ч ажлаасаа чөлөөлөгдсөн хуучин Засаг дарга нь ямар ч ажил хийгээгүй гэнэ.  Харин шинээр томилогдсон сумын Засаг дарга нь сандарч, аймгийн Онцгой байдлын газраасаа тусламж хүсчээ.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*