Улсын аваргуудад амжилтаа улам ахиулахыг хүслээ

2017 оны 1 сарын 9

Спортын топ төрлүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сард болж байна. Энэхүү тэмцээний салхийг хагалсан хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ нэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдсан. Тус тэмцээнд 16 багийн 150 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд эрэгтэй, эмэгтэй жин бүрийн аваргуудтай Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн уулзлаа. Тэрбээр Хүндийн өргөлтийн холбооны Ерөнхийлөгчийн албыг хашдаг юм.

Тэрбээр “2016 он спортын томоохон үйл явдал олон тохиосон жил байлаа. Тэр дундаа “Рио 2016” олимпийн наадмын хүндийн өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг шагналт VIII байрт орж, залуучууд дэлхийн аварга, оюутны дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг эх орондоо авчирлаа. Мөн залуучуудын амжилт сайжирч байгааг энэ жилийн насанд хүрэгчдийн Улсын аваргын тэмцээн харуулсан. Ирэх дөрөвдүгээр сард Тайландад болох өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс их зүйлийг харж байна. Яагаад гэхээр энэ жилийн улсын аваргад өндөр амжилт үзүүлж байгаа залуучууд та бүхэн 2018 онд Аргентиний Буэно-Айрест болох залуучуудын III олимпийн эрхийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Улсын аварга болсон нийт тамирчин та бүхэнд улам их амжилтыг хүсэж, олон олон залууст итгэл найдвар өгч байгаад талархаж байна” гэсэн юм.

МҮОХ, МХӨХолбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хүндийн өргөлтийн холбооны Удирдах зөвлөлийн хамт. 2017.01.06

2017 оны насанд хүрэгчдийн хүндийн өргөлтийн УАШТ-ий дундаж нас 19.6 байсан нь залуу тамирчдын амжилт эрс сайжирсныг харуулсан. Энэхүү тэмцээнээс  улсын рекорд амжилт олон тогтоогдсон бөгөөд эдгээр амжилтыг 17-19 насны охидууд үзүүлсэн. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг түлхэлттэй өргөлтөөр 90 кг-ыг өргөж, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг дахин шинэчилсэн. Мөн 58 кг-ын жинд ОУХМ Б.Нямзул залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг нийлбэр дүнгээр 160 кг болгон шинэчилэн тогтоосон бол 58 кг-д Б.Золбоо түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг 15 кг-аар ахиуллаа. Эмэгтэйчүүдийн +75 кг-ын жинд ОУХМ Э.Билэгсайхан түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг шинэчилэн тогтоосон гээд амжилт дүүрэн хүндийнхэнийг холбооны ерөнхийлөгч нь хүлээн авч уулзлаа.

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн тамирчид. 2017.01.06

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн тамирчид. 2017.01.06

Насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр залуучууд, насанд хүрэгчдийн УЛСЫН РЕКОРДЫГ шинэчлэн тогтоосон Б.ТУНГАЛАГ. Тэрбээр энэ жил 18 настай бөгөөд Төрөлжсөн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн 12-р ангийн сурагч.

Ч.БОЛОР

/*