Хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлалаа

2017 оны 1 сарын 9

Сэтгүүлч:
Д.Уламбаяр

Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2017.01.09/ орон нутгаас хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргалаа.

Тодруулбал, Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлэх гэнэ. Мөн нийслэлд зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх аж. Бусад тохиолдолд 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож буй юм.

Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан захирамжийн хэрэгжилтэд Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар  хяналт тавих юм байна. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндсэний аюулгүй байдалд Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөж эхэлсэн тул ийнхүү хотын дарга С.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд ийнхүү хот руу нүүдэллэх иргэдийг хязгаарлалаа. 

Ингэж нийслэлийг зорих хөдөлгөөнийг хязгаарласнаар агаарын бохирдол тодорхой хувиар буурч, үр дүнд хүрнэ гэж хотын багийнхан тооцжээ.

Цаашид Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй, орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжинэ гэв. Мөн автомашины  оношилгоог чанаржуулж, шаардлагатай  гэвэл  Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй  машинуудад  шаардлага  тавьж, хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлах аж.

Зураглаач Э.ЭНХБАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна