Эрүүл мэндийн дэд сайд Өмнөговь аймагт ажиллалаа

2017 оны 1 сарын 10

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2017 оны 1 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын СДЭ, Ханбогд сумын СДЭ, Хайрхан баг, Гашуун сухайт хилийн боомт, Даланзадгад сумын ЭМГ болон БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Дэд сайд Эрүүл мэндийн яамнаас баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулсан бол аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Өнөржаргал аймгийнхаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Дэд сайдыг ажиллах үеэр дээрх эмнэлгүүдийн зүгээс шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудаа уламжилсан юм. Тухайлбал, Ханбогд сумын Хайрхан багт Их эмч, сувилагч, түргэн тусламжийн жолоочтой болох, Цогтцэций, Ханбогд сумын СДЭ-ийн лифт, рентген өрөөний санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг байв.

Уулзалтын төгсгөлд Дэд сайд Л.Бямбасүрэн ёс зүй, хариуцлагаа өндөржүүлэн ажиллах, эмч ажилчдаа тасралтгүй чадваржуулан ажиллах нь зүйтэй гээд уулзалтаа өндөрлөв.

Дэд сайдын хамтаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Глобаль сангийн төслийн ажилтан Ч.Бямбаа, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг нар ажиллав.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна