ХАА-н тоног төхөөрөмжийг худалдан авах талаар хэлэлцлээ

2017 оны 1 сарын 10

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзлаа /2017.01.09/. Уулзалтаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тодруулбал, 2016 оны  гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол-Беларусийн Хүнс, хөдөө аж ахуйн яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар хурлаар гаргасан хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2016-2018 онуудад хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.  Мөн Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүдэд Беларусийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийн талаар хэлэлцэж тохиролцлоо.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын IV хуралдааныг ирэх гуравдугаар сард Минск хотноо зохион байгуулахаар талууд тохиролцсон юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна