“Хишиг Арвин” Тавантолгойд олборлолт явуулж байна

2017 оны 1 сарын 10

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд 7.65 сая тонн нүүрс экспортод гаргажээ. Тус компани 2015 онд 4.2 сая тонн нүүрс экспортод гаргасан юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд өнгөрсөн онд 22.4-33 ам.доллараар нүүрсээ экспортод гаргажээ. Тус компанийн “Чалко”-д төлөх өр 80 орчим сая ам.доллар болон буурсан ч “TTJVCo” компанид төлөр өр нэмэгдсэн гэх мэдээлэл байна.

“TTJVCo” компани нь Зүүн Цанхид олборлолт явуулж байгаа бөгөөд “Эрдэнэс Тавантолгой”-н гаргасан нүүрсний 60 хувийг үйл ажиллагааны хөлс болгон авахаар гэрээлсэн байдаг. Өнгөрсөн онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “TTJVCo” компанитай дахин хэлэлцээ хийж, арванхоёрдугаар сараас тонн нүүрснийхээ үнийг 50 ам.доллар болгосон байна.  

“Эрдэнэс Тавантолгой” компани баруун Цанхийн нүүрсийг олборлож эхэлсэн бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард “Эс Жи Эс”, “Хишиг арвин”, “Моннис” гэх гурвалсан нэгдэл олборлолт хийж эхэлжээ. “Хишиг арвин” компани нь З.Энхболдын компани гэж нүүрсний салбарынхан хэлдэг. Хэрэвзээ энэ яриа үнэн бол З.Энхболдын компани Тавантолгойн баруун Цанхид олборлолт хийгээд эхэлсэн гэсэн үг юм.

Юутай ч 2017 он гарсаар өнөөдрийн байдлаар тус компани 180 мянга 400 тонн нүүрс экспортолжээ. Мөн тус компани баруун Цанхийн нүүрсийг худалдан авах сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд худалдан авалтын хэмжээ, үнийн санал, тээвэрлэлтийн асуудлаа хэрхэн шийдэх талаарх санал авах аж.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*