Мерил Стрипийн үг

2017 оны 1 сарын 10

Холливудын жүжигчин Мерил Стрип “Алтан бөмбөрцөг”-ийн тайзнаас хэлсэн үгэндээ Дональд Трампыг шүүмжлэв /2017.01.08/

“Алтан бөмбөрцөг”-ийн тайзнаас хэлсэн Мерил Стрипийн хурц шүүмжлэлийн хариуд Дональд Трамп “Том ялагдал хүлээсэн Хиллариг дагалдагч” хэмээн цоллов. Тэрбээр мөн “Холливудын хэрээсээ хэтэрсэн нэр хүндтэй жүжигчин Мерил Стрип намайг мэдэх ч үгүй байж, Алтан бөмбөрцөгийн үеэр над руу дайрлаа” хэмээн жиргэсэн байна.

Академийн шагналтан Мерил Стрип Ням гаригийн үдэш Лос-Анжелест болсон “Алтан бөмбөрцөг” наадмаас Сесил Блаунт Демиллийн нэрэмжит “Насан туршийн нэр хүндийн шагнал” хүртсэн юм. Шагналаа гардсаны дараа жүжигчин бүсгүй индрээс хэлсэн үгэндээ “Үл хүндлэл үл хүндлэлийг л дагуулна. Хүчирхийлэл хүчирхийллийг л өдөөдөг. Хүчирхэг нэгэн эрх мэдлээ ашиглан бусдыг доромжлоход бид бүгд хүчин мөхөстдөг” гэсэн юм.

Мерил Стрипийн үгэнд Дональд Трамп гэсэн үг, өгүүлбэр нэгээхэн боловч байгаагүй. Гэвч хэнд хаягласан болох нь төвөггүй ойлгогдож байсан юм. Тэрбээр Дональд Трампын 2015 онд “New York Times”-ын хөгжлийн бэрхшээлтэй сурвалжлагчийг элэглэн доромжилсон үйлдлийг шүүмжилсэн нь тэр байв. Тэр чөлөөт хэвлэлд орон зай хэрэгтэйг сануулсан юм.

Дональд Трамп Өмнөд Каролинад болсон цуглааны үеэр “New York Times” сонины сурвалжлагч, хөгжлийн бэрхшээлтэй Сергей Ковалевскийг дуурайн, шоглосон юм.

 

Энэ танхимд суугаа би, та, бид бүхэн яг одоо Америкийн нийгмийн хамгийн ихээр дорд үзэгдэж буй давхаргынхан болоод байна. Бодоод үзээрэй, Холливуд, гадныхан болоод хэвлэлийнхэн” гэж үгээ эхлүүлсэн Мерил Стрип үргэлжлүүлэн:

-“Энэ жил нэг үзүүлэн тоглолт намайг ихэд цочроолоо. Зүрхэн дундуур хатгаад авах шиг л болсон. Сайндаа биш, үүнд ямар ч сайн зүйл байгаагүй болохоор тэр. Гэхдээ тэр явдал үүргээ сайн гүйцэтгэж, зорилгоо биелүүлсэн. Зориулж бэлдсэн үзэгчид нь инээж, шүдээ ярзайлгахад хүрсэн. Тэр нь манай улсын хамгийн хүндтэй суудалд суухаар санаархаж буй хүн хөгжлийн бэрхшээлтэй сурвалжлагчийг элэглэн дуурайсан мөч байсан юм. Эсэргүүцье гэвч эрх мэдэл, хүч чадал, албан тушаалын эрэмбээр хол илүү нэгэн.

Үүнийг үзээд зүрх минь шаналж, бодлоос минь огт гарахгүй байлаа. Учир нь, тэр кино байгаагүй, бодит амьдрал байсан юм. Олон нийтийн нүдэн дээр ил байдаг, эрх мэдэлтэй хүчирхэг нэгэн бусдыг басамжлан доромжлох нь бүх хүний амьдралд нөлөөлж эхэлдэг. Тэдний энэ байдал бусад хүмүүст ч бас адилхан зүйл хийх сэдэл өгч байдаг.

Үл хүндлэл үл хүндлэлийг л дагуулдаг, хүчирхийлэл хүчирхийллийг өдөөдөг. Хүчирхэг нэгэн эрх мэдлээ ашиглан бусдыг доромжлоход бид бүгд хүчин мөхөстдөг.

Тиймээс би хэвлэлд хандахад хүрсэн. Бүдүүлэг, гутаан доромжилсон үйлдэл бүрийг нь тэдэнд ойлгуулах хүчтэй, зарчимч хэвлэл мэдээлэл бидэнд хэрэгтэй. Үүний тулд л манай улсыг үндэслэгчид хэвлэл мэдээлэл, түүний эрх чөлөөг Үндсэн хуульдаа тунхагласан байдаг юм” хэмээжээ.

Мерил Стрип өнгөрсөн зургадугаар сард Нью-Йоркт болсон гала тоглолтын үеэр Дональд Трамп шиг хувцаслав.

Харин Дональд Трамп Даваа гаригийн өглөө твиттертээ “100 дахь удаагаа хэлье, би хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй сурвалжлагчийг шоглоогүй (тэгэх ч үгүй). Намайг муу хүн болгож харагдуулахын тулд 16 жилийн түүхийг мушгин гуйвуулсныг нь харуулсан юм. Хэвлэл мэдээлэл бас дэндүү шударга бус юм! хэмээсэн байлаа.

Мерил Стрип мөн цагаачдын асуудлаар хатуу байр суурьтай байдаг Трампын бодлогыг шүүмжилсэн юм. Тэрбээр “Бид хэн бэ, Холливуд гэж юу вэ? Энэ бол өөр өөр газраас ирсэн хүмүүсийн бөөгнөрөл. Би л гэхэд Нью-Жерсид төрж, өсөж, улсын сургуульд боловсрол эзэмшсэн. Вайола Өмнөд Каролинд тариачны гэрт төрсөн, Сара Паулсон Флоридад төрж, Бруклинд ганц бие ээжийнхээ нөмөр нөөлөгт хүн болсон. Сара Жессика Паркер Охайогийн долоо билүү, найман хүүхэдтэй айлын охин. Эми Адамс Италийн Вичензад, Натали Портмэн Йерусалемд төрсөн. Тэдний төрсний гэрчилгээ хаана байна? Үзэсгэлэнт Рут Нэгга Этиопын Аддис Абабад төрж, Лондонд өсөж торнисон, биш ээ Ирландад гэж санаж байна. Одоо тэр Виржиниагийн жижиг тосгоны охины дүрээр энд нэр дэвшиж байна. Бүх сайхан хүмүүсийн адилаар Рьян Госслинг канад хүн. Дев Пател Кенид төрж, Лондонд өссөн. Одоо Тасманид өссөн энэтхэг эрийн дүрд тоглож л байна.

Тэгэхээр Холливуд гадаад хүмүүсийн хүчээр урагшилж байна. Хэрэв бид тэднийг бүгдийг нь хөөж гаргах юм бол хөлбөмбөг, эсвэл холимог тулааны урлагаас өөр үзэх зүйлгүй хоцорно. Гэтэл тэд чинь урлаг биш шүү дээ” хэмээжээ.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна