Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа

2017 оны 1 сарын 10

Хүн бүр Улаанбаатарын утаанд санаа зовж, дээр доргүй агаарын бохирдлын аюулын талаар ярьж байгаа ийм үед үндэсний томоохон компани хүүхдүүд рүү чиглэсэн бодит ажил санаачилжээ. “Сүү” компани “Хүүхэд бүр эрүүл, жаргалтай байг” аян эхлүүлж, энэ хүрээндээ Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчимд үйл ажиллагаа явуулдаг 117, 78, 156-р цэцэрлэгийн бага ангид агаар цэвэршүүлэгч аппаратыг бэлэглэсэн байна.

Тэдний бэлэглэсэн ухаалаг агаар цэвэршүүлэгч нь 360 градус бүхий гурван давхар шүүлтүүртэй, агаарын чанарын индексийг хэрэглэгчийн утсанд шууд харуулах бөгөөд орчны бохирдол нэмэгдэх үед автоматаар маш богино хугацаанд агаарыг зохистой түвшинд хүртэл цэвэршүүлдэг талаар хандивлагчид тайлбарлажээ. Түүнчлэн төхөөрөмжид суулгасан аппликэйшнийг ашиглан тухайн цэцэрлэгийн агаарын бохирдол ямар түвшинд байна, агаар хэрхэн цэвэршиж байна, шүүлтүүрээ хэзээ солих зэргийг хянах боломжтой аж.

Нэг хүн, нэг өрх, нэг байгууллагын ухамсарт үйлдлээс агаар цэвэршиж эхэлнэ.

Баянхошуу бол өглөө, өдөр, оройн хэзээд ч Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтойд тооцогддог хэсэг. Энэ бүсэд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцорын түвшин нэг куб.метр тутамд 1985 мкг хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон агаар мандал дахь эрүүл ахуйн үзүүлэлтээс даруй 800 дахин их үзүүлэлт болж байгаа юм.

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг.

Дэлгэцийн араас утааг зүхэх, бусдыг буруутгах нэг хэрэг. Улаанбаатарчууд Сүхбаатарынхаа талбайд саяулаа жагсаад ч ид шид л болдоггүй юм бол утаа гэнэт арилж, алга болохгүй. Төр засгийн шийдвэр, бодлого, хөрөнгө мөнгө гээд том шийдлүүд утааны эсрэг “тулаан”-д хэрэгтэй ч үнэндээ нэг хүн, нэг өрх, нэг байгууллагын ухамсарт үйлдлээс агаар цэвэршиж эхэлнэ.

Агаарын бохирдлын эсрэг ямар нэг бодитой ажил хэрэгжүүлэх энэхүү аяныг санаачлагчид “Оюутолгой”, “Мах импекс”, “Юнител”, “Номин холдинг”, “Худалдаа хөгжлийн банк” зэрэг  таван компанийг #Challenge-д дууджээ.

Б.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*