Шинэ үндсэн хуулийг батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүлэв

2017 оны 1 сарын 10

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой энэ оны нэгдүгээр сарын 13-нд тохионо. Энэ өдөр манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр юм.Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан нар тус аймагт ажиллаж амьдарч байгаа   шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудыг хүлээн авч санал сэтгэгдлийг нь сонсож хүндэтгэл үзүүллээ. Уг хүндэтгэлийн уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Манай Улсын хувьд 1992 оны 1-р сарын 13-нд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль бол хүний эрхийн асуудалд иж бүрэн, цогц шалгуураар хандаж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд томъёолж баталгаажуулсан, шүүх эрх мэдэл, түүний дотор Үндсэн хуулийн Цэцийг манай улсын төрийн тогтолцоонд цоо шинээр цогцлуулж өгсөн  тулгуур эрх зүйн баримт бичиг билээ.  Шинэ Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн Хоёрдугаар бүлэгт 80 орчим эрх, эрх чөлөөг тусгайлан нэрлэж, баталгаажуулсан байх бөгөөд Үндсэн хуулийн оршил хэсгээс бусад бүлгүүдэд хүний эрхтэй холбогдолтой олон  заалт зарчмуудыг харж болно. Манай улсын 1992 оны үндсэн хуулийг анхны ардчилсан шинэ Үндсэн хууль гэж нэрлэдэг.  Үндсэн хуулийн төслийг, Монгол Улсын анхны байнгын парламент болох Улсын Бага Хурал боловсруулж бүх ард түмнээс санал авсны үндсэн дээр Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 430 депутат, Ардын Их Хурлын чуулганаар 76 хоног хэлэлцэж баталсан нь  Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийгдэх шинэ Үндсэн хуульдаа нийцүүлэн бусад салбар хуулиудаар хүний эрхийг илүүтэй баталгаажуулж өгөх боломж нээгдсэн” хэмээн онцоллоо. Дашрамд дуулгахад 1992 онд Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*