580 сая ам.долларыг 2 сарын дараа төлнө

2017 оны 1 сарын 11

Хөгжлийн банкны анх босгосон 580 сая ам.долларын өрийг Монгол Улс ирэх гуравдугаар сарын 31-нд төлнө. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төлбөрөө цагт нь хийнэ” гэж мэдэгдснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Төсвийн алдагдал нь 2.6 их наядад хүрч, гадаадын хөрөнгө оруулалт нь тэгтэй тэнцэж, Монголын эдийн засгийн өсөлт саармагжсаар байгаа билээ.  Хэдийгээр Хөгжлийн банкинд одоогоор 580 сая ам.долларын өрийг төлөх хуримтлал бий болоогүй ч, энэ мөнгийг цагт төлнө гэдэгт эрх баригчид итгэлтэй байна. Учир нь Мэргэжлийн Засгийн газар  ОУВС болон Япон, Хятадтай шинэ хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сард  Монголын Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэсэн хүлээлт байгаа билээ.  Хэрэвзээ Монголын Засгийн газрын ОУВС-тай хийх хэлэлцээ амжилттай болж, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал гурав хүртлэх тэрбум ам.долларын зээл авах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, ОУВС-гаас 1-1.5, Японы Засгийн газраас хоёр хүртлэх тэрбум ам.доллар орж ирэх боломж нээгдэнэ.

Хэрэв энэ мөнгө хоёрдугаар сард орж ирвэл гуравдугаар сард Хөгжлийн банк ямар асуудалгүйгээр өрөө төлөх боломжтой болно.

Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна