Рональдугийн дурлалт бүсгүй

2017 оны 1 сарын 11

Рональду Цюрихт болсон FIFA-гийн шилдгийг шалгаруулах арга хэмжээнд найз бүсгүйтэйгээ хамт ирэв.

Бүх зүйл тодорхой боллоо! Рональду найз бүсгүйгээ албан ёсоор дэлхий нийтэд “танилцуулав”. FIFA-гийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон тэрбээр даваа гаригийн үдэш /2017.01.09/ болсон шагнал гардуулах ёслолд дурлалт бүсгүйгээ, хайртай хүүгээ дагуулан ирсэн юм. Өнгөрсөн намраас эхлэн хэвлэлийн дуранд өртөх болсон хосуудын харилцаа ийнхүү албан ёсоор батлагдаж байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Рональдугийн найз бүсгүй, модель Жоржина Родригезтэй танилц!

ЖОРЖИНА РОДРИГЕЗ ГЭЖ ХЭН БЭ?

Рональдугийн болзоот бүсгүй гэж танигдсанаас хойш Жоржина Родригез шар хэвлэлийн хит мэдээний эзэн болсон юм.

Жоржина 21 настай. Испанийн зүүн хойд хэсгийн Хака хотод төржээ. Испани модель бүсгүй Лондонд боловсрол эзэмшсэн бөгөөд загварын амьдралд хөл тавихаасаа өмнө бүжигчин байсан гэнэ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотын Диснейлэндээр Рональдутай хөтлөлцөн алхаж яваа зураг нь цацагдсанаар тэднийг тойрсон элдэв цуу, таамаг хөвөрч эхэлсэн юм.

Рональдутай хайрын романс үүсгэхээс өмнө Жоржина Испанийн нийслэл Мадрид дахь Gucci-гийн дэлгүүрт ажилладаг байжээ. Тэд өнгөрсөн жил болсон Dolce & Gabbana-гийн арга хэмжээний үеэр VIP хэсэгт танилцсан гэнэ. Тэр цагаас хойш нууцхан болздог байсан хосууд хэдэн сарын дараа Парисын паркт зугаалж яваад адтай папараццичдын дуранд өртжээ. Рональду хэдий хиймэл үс, хар шил, саравчтай малгайгаар өөрийгөө халхлахыг хичээсэн ч Италийн “Chi” сэтгүүлийн гэрэл зурагчин тэднийг “илрүүлсэн” юм.

Жоржина “Сантьяго Бернабеу”-д очиж, хайртай залуугийнхаа тоглолтыг шимтэн үздэг. Рональдугийн хүү Кристиано Жуниортой хэдийнэ дотноссон бололтой, хүүтэй хамт тоглолт үзэж суугаа дүр зураг нэг бус удаа хэвлэлээр гарсан юм.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*