АН саналаа “казах”-аар тоолох уу?

2017 оны 1 сарын 11

Сэтгүүлч:
Л.Нарантөгс

Технологи, сонгуулийн тухай ойлголт ч гэж юу байлаа. Сонгууль болж Баян-Өлгийд санал тоолжээ. Гэтэл 2000 мянга гаруй сонгогч саналаа өгсөн ч саналын хайрцагнаас 3000 гаруй саналын хуудас гарч иржээ. Ингээд бөөн хэл ам болоход, эцэстээ тойргийн хорооныхон бантсандаа “Казахаар тоолчиж” гэж мэлзсэн гэдэг.

Ардчилсан намын даргын төлөөх сонгууль ид дундаа оржээ. Энэ сонгуульд намын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн 176 мянган хүн санал өгнө. Гэхдээ шинэчилсэн бүртгэл эхнээсээ “казахаар тоолчиж” гэдэг шиг эргэлзээ төрүүлж эхэлжээ. Алунгуа эхийн домогт гардагчлан багц таван сумыг гартаа барьсан нэр двшигчид эхнээсээ биесээ индэр дээрээс “илээд” эхлэв. Дуугүй сууна гэдэг зөвшөөрсний дохио болохоор өөрийн ээлжийг ирэхэд өмнөх болоод хойдхоо харин ч нэг ёдор үгээр гөвшиж гарна.

Алунгуа эхийн таван сум атгасан нэгэн үр сад Өгөөдэй хааныг архичин болгоод авсныг өлгөөд нөгөөх нь тараах жишээтэй. Үүнээс хойш бие биес рүүгээ нум ившээлгэж, сум тавих шиг болж байна. Нэгэнт ардчилсан хувьсгалын үед насанд хүрч хувьсгалаас нэр хүнд хүртэж амжаагүй Ж.Батзандан таван сумынхаа нэгийг “Намыг өмчлөх сэтгэлгээтэй хэсэг бүлэг этгээдүүдээс энэ намыг салгана. Би байгуулсан юм чинь миний нам, сүүлд орж ирчээд аятайхан байгаарай гээд байгаа. Намайг долдугаар ангид байхад ардчилсан хувьсгал гарсан юм. Би 15, 16-хан настай хүүхэд байсан юм. Би яаж 15, 16-тай хүүхэд улс төрийн нам байгуулах вэ дээ. Боломжгүй шүү дээ” гэж пионер мад тавьсаныг харсан л биз дээ.   

Зөрүүлээд горилогч С.Эрдэнэ “ Өөрсдийгөө гээд цээжээ дэлдээд, бүтээн байгуулаад буй залуучууд хаана байна. Ний нуугүй хэлэхэд 1989 онд бид нар хэнээс ч гуайгаагүй. Гуйлгаачгүй ардчилсан хувьсгалд орж ирсэн. Өнөөдөр дуртай намаа байгуулаад, дуртай үгээ хэлээд, дуртайдаа талбай дээр жагсаал хийгээд явж байсан хүн “Би 15-хан настай байсан. Яаж нам байгуулах юм” гээд яриад зогсч байна. Гайхаж байна. Иргэний хөдөлгөөний нам байгуулаад яваа биз дээ. Сүхбаатарын талбайд баахан орилоо биз дээ... Юу бүтээсэн юм. Юуг өөрчилж чадсан юм. Тэгээд яагаад 26 жил алдаж, оносон ч гэсэн улс орныг өөрчилж чадсан энэ намыг шүүмжлээд зогсч байгаа юм. УИХ-ын индэр дээрээс энэ намыг дандаа балбадаг хүмүүсийг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа... Би Батзандангаас дутахгүй чанга ярьж, дутахгүй популист алхам хийж чадна. 2003 онд тракторын жагсаал хийгээд 3000 цагдаад бүслэгдээд, зодоон хийж явахад Батзандан хаана байсан юм. Энэ нөхөр ардчиллын буянаар баруунд сураад тансаглаж явсан” гэж ардчилсан хувьсгалын үеийн “Боролдойн цаг”-ийн үзэгчийг "дуусгаж" байх жишээтэй.

Боловсролын сайд асан яаж дутах билээ. “Тэгэхээр бидний хамгийн чухал зүйл бол алдаагаа олж харах. Олоод харчихсан байна. Манай дөрвөн нэр дэвшигчдэд /Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан/ баяр хүргээд сайхан алга ташаад өгөөч. Алдаагаа олж харсан хүмүүст баяр хүргэх хэрэгтэй. Одоо алдаагаа засья. Алдаагаа засахдаа сэтгэл хөдлөлөөр засахгүй шүү. Ухаанаар, бодож засъя” гэж өөрийн толгойг тоншиж байгаад хэлсэн бичлэгээ хэрэг болгон тараана лээ. Ухаантай хүнээр өөрийгөө өргөмжилж, алдаагаа ухамсарлаж буй гэмтнээр нөгөөдүүлээ цоллов. 

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэйг эгзэгтэй мөчид мэдрээгүй Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат хоёр одоохондоо хараахан дайралт хийгээгүй бололтой. Харвасан сум үзэгдсэнгүй.

Гэхдээ энэ нь тэднийг дотроо алалцаад эхэллээ гэхээсээ илүүтэй Ардчилсан нам амьсгаа хураачхаагүй байна гэх сэдлийг төрүүлж, заримынх нь хуучыг хөдөлгөж буй юм санжээ.

Гол нь Ардчилсан намын даргын төлөөх сонгуулийн ил маргаан энэ. Харин далд айхавтар зүйл өрнөж буй бололтой.

Гишүүдийн бүртгэлийг шинэчлэхдээ угсаа гарал, удам судар, үг хүнээ судлалгүй ирсэн болгоныг нь бүртгэснээс МАН-ын туршуулууд ч энэ намд хэзээний шургалчихсан, санал өгөх гээд явж байгаа сураг дуулдана.

Мэхт мэхэндээ гэгчээр намын дарга З.Энхболд сонгуулийг зохион байгуулах хороог шинээр байгуулж өөрсдөдөө ашигтайгаар саналын дүнг эргүүлэхийг оролдсон ч хүний олз болжээ. МАН Ардчилсан намын даргын сонгуульд нууцаар санал өгөх нь нэгэнт тодорхой болов.

Яриад байгаа 175 мянгаас хэдэн мянга нь МАН-ын талынхан бэ гэдгийг өөр өөрсдийн “царцааг” сонгогчоор шургуулах явцдаа аль аль тал нь тооцоолсонгүй.

Асуудал улам бүр ээдрээтэй болж, саналаа багцалж чадахгүй болсноо хожуу ухаарсан С.Эрдэнэ хэзээний мөнгө тараагаад эхэлсэн сурагтай. Лу.Гантөмөр ч өөрийн боломжийн хэрээр араас нь сэтгэл шулуудсан гэнэ лээ.

Гэхдээ МАН-ын үл үзэгдэгч сум хэнийг унагааж, алийг нь босгохыг өөрсдөө ч мэдэхээ байжээ. Ямартай ч горилогсод боломж, бололцооныхоо хэрээр “царцаа” бэлдэж эхэлжээ.

Гэхдээ энэ удаагийн намын даргын сонгууль хуудуутай боллоо гэхэд хуучин, шинэ сонгууль зохион байгуулах хороонй аль аль нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа аж. Өмнөхөө татан буулгалгүйгээр шинийг байгуулсан гэсэн үг.

Унасан хүүхэд уурандаа хуучин сонгууль зохион байгуулах хороо байсаар байтал шинээр өөрсдийн талд үйлчлэх хороог байгуулсан гэж С.Эрдэнэ рүү Ж.Батзандан маргалдах бүрэн боломжтой аж. Гэтэл ийм маргааныг шийдэх ёстой шинэ дүрмээ сонгуулийн дараа батална. Үүнийг ч зарим нь тооцсон байх, дүрмийг боловсруулах явцад шийтгэлийн арга хэмжээг үгүй хийчихсэн тохиолдол гарсан нь санамсаргүй хэрэг биш билээ.

Ер нь “Нууц товчоо” шүү. “Казахаар тоолчиж” л болох вий.

Намын даргаа нийт гишүүдээс сонгох гэсэн биш “ Малиг баягудайн” үр садыг сонгуулчиж байгаа юм биш биз дээ, Алунгуа эхийн үрс минь ээ!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*