Хөгжлийн банкыг ухах тусам МАН-ын зэс нь цухуйна

2017 оны 1 сарын 11

Сэтгүүлч:
Т.Давааням

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Ардчилсан намын бүлгийн хурлаар авч хэлэлцээд зарим заалт ойлгомжгүй байгаа талаар мэдээлсэн. Яг ямар заалт нь танай бүлэгт таалагдахгүй байгаа юм бэ?

- Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар явуулахаар өнгөрсөн онд баталсан. Үүний дагуу УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулсан шүү дээ.  Сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэр ч утгаараа тус намынхан сонгуультай холбоотой ямар нэгэн маргаан гаргаагүй. Гэтэл гурван сонгуулийг нэгтгэсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг салгаж авч байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Ер нь бол МАН-ынхан өөрт ашигтай зүйл заалт оруулах, зарим нэг “хөндлөнгийн” асуудлаас салах зорилготой үүнийг хийсэн байж магадгүй. Ардын нам Ерөнхийлөгийн сонгуульд ялалт байгуулахын тулд нэлээд хүч, хөдөлмөр зарцуулж байх шиг. Үүний нэг илрэл бол 2016 оны есдүгээр сарын 1-нд хэрэгжих ёстой байсан Гэмт хэргийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж 2017 оны долдугаар сарын 1 болгосон. Ингэснээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ялтай байдал Ерөнхийлөгчийн сонгууль болтол хэвээр байна гэсэн үг. Мөн сонгуульд нэр дэвших боломжгүй болно. Бас нэг хардалт төрүүлэх шалтгаан нь  94 зарчмын зөрүүтэй санал бүхий өөрчлөлттэй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл. Үүний дотор анхаарал татсан ганцхан заалт бий. Тэр нь УИХ-д суудал бүхий нам гэдгээ тайлбарлаж оруулж ирсэн байгаа юм.

-Үндсэн хуульд зааснаар УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг шүү дээ. Яагаад намууд энэ заалт дээр акцент өгөөд байгаа юм бэ?

-Үндсэн хуульд зааснаар УИХ-д суудал бүхий нам өөрийн төлөөллөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Гэтэл энэ хуулийн төсөлд аль нэг нам эвслээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн бүхий нам эвсэл өөрийн төлөөллөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гэж зааж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хугацаа зааж өгчээ. Ингэснээр бие даагч гишүүн С.Жавхлан аль нэг намд элсээд, тухайн намаас хэн нэгэн нэр дэвших эрх олгох вий гэдэг болгоомжлолоор хандсан байж мэдэх юм гэж би хардаж байгаа.

-Үнэндээ таны тайлбарлаж байгаа хоёр үндэслэл бол Ардчилсан намтай харшлах шалтгаан болохгүй. Гэтэл яагаад хуулийн төсөлд сөрөг байр сууринаас хандаад байгааг ойлгохгүй юм?  

-Тодорхой хэлье. Яагаад гэвэл, Сонгуулийн тухай хуулийг салгах шаардлага байхгүй байсан. 2016 онд баталсан хуулиар сонгуулиа зохион байгуулаад явж болно шүү дээ. Цаг хугацаанд баригдаж хууль батлах албагүй. Бид нэг намд зориулсан хууль гэж харж байгаа учраас хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм.

-УИХ дахь хоёр бүлэг Хөгжлийн банкны асуудлаар улстөржөөд удаж байна. Тус банкны шалгалтын асуудлаас болж АН, МАН багагүй хугацаанд хэрэлдлээ. Үүний цаана хэн хэнийхээ идсэн уусан зүйлийг нуух гэсэн оролдлого явагдаад байна уу гэсэн хардлага нийгэмд байна?

-Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банкны удирдлагуудаас тодорхой мэдээлэл авахыг хүссэн. Гэтэл шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн болоод Хөгжлийн банкийг төлөөлөх бүрэн чадамжтай хүн хоёр ч удаа ирээгүй. Иймд дараагийн бүлэг хуралдах үед Хөгжлийн банкны удирдлагуудыг байлгах хүсэлтийг  Ерөнхий сайдад хүргүүлсэн. Хөгжлийн банк нийтдээ нийтдээ 5,9 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний 54 хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөлцөлтэй төсөл хөтөлбөрт зарцуулсан. Харин 25 хувийг нь арилжааны банкаар дамжуулж компаниудад зээлсэн. Арилжааны банкууд өөрсдөө эрсдлээ хариуцаж байгаа учраас аюулгүй. Үлдсэн 25 хувь буюу 1,5 их наяд төгрөгийг 16 төсөл хөтөлбөрт зориулж Хөгжлийн банк өөрөө зээл олгосон.  Ингээд нийт зээлийн 4 хувьд эрсдлийн сан байгуулсан. Тус сангийн тал хувь нь төрийн өмчийн компани, үлдсэн нь хувийн хэвшлийн компанийн зээлийн эрсдлийг үүрнэ. Хөгжлийн банкны зарим зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдол байж мэдэх юм. Үүнийг манай намынхан үгүйсгэхгүй.

-Хөгжлийн банкны 580 сая евро бондод МАН-ынхан гар хүрч амжаагүй байхад Ардчилсан нам Засгийн газрыг авсан гэх юм. Гэтэл Засгийн газар нь хууль бус тогтоол шийдвэр гаргасан гэж шүүмжлэх гишүүд ч байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Сангийн сайд байсан Д.Хаянхярваа Хөгжлийн банкны зээл олгох гэрээн дээр гарын үсэг зураад явж байсан юм байна лээ. Үүний нотлох баримт нотолгоо бий. Харин улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй олгосон зээлийг маш үр дүнтэй төслүүдэд зарцуулсан. Улс орны хөгжил дэвшлийн төлөө ойрын хугацаанд хөрөнгө гаргаж чадахгүй тийм их бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан байдаг. Наад захын жишээ бол Монгол орны алслагдсан бүсэд засмал зам тавьсан. Улаанбаатар хотын гэр хорооллын алслагдсан бүсэд гэрэл цахилгаан, дулаан татсан. Гудамж төсөл хэрэгжүүлсэн. Энэ бүх төсөл хөтөлбөр аймаг, сум, дүүрэг, Монгол Улсын иргэн бүрт үр өгөөжөө өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид, урт хугацаандаа эдийн засагт үр өгөөжөө өгнө.     

 

-Улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй санхүүжүүлсэн төслийн өртөг хэд дахин нэмэгдсэн гэж шалгалтын дүгнэлтэд дурдсан байсан. Уг асуудлыг онцгойлон шалгах ёстой гэж МАН-ынхан үзэж байгаа юм байна лээ. Төсөвт өртөг өссөн нийтлэг шалтгаан нь юу юм бол?

-Ардын намынханы хэрэгжүүлсэн Гудамж төслийн төсөвт өртөг гурав дахин нэмэгдсэн гэж ярьдаг. Мэдээж Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл бүгд цэвэр байна гэж байхгүй. Үүн дотор асуудал байвал хуулийн байгууллага шалгах байх. Гэтэл өнөөдөр МАН-ын гишүүдийн компанийн авсан зээлд их хэмжээний эрсдлийн сан байгуулсан. Хөгжлийн банкны асуудлыг сөхөх тусам МАН-ын “зэс нь цухуйна”.    

-Ханшийн зөрүүнээс болж 694 тэрбум төгрөгийн алдагдлыг улс хүлээж байна. Энэ нь бондоо оруулж ирэхдээ арилжааны банкаар дамжуулж төгрөг болгосонтой холбоотой гэж ажлын хэсэг дүгнэсэн. Ийм их мөнгийг зөвхөн ханшийн зөрүүнээс болж алдаж байгаа нь харамсалтай санагдах юм?  

-Бүх цаг үед ханшийн аасуудлаар Сангийн яам, Монголбанк үүрэг хүлээж ирсэн. Тэгвэл буцаагаад асууя. Ардын нам Засгийн газрыг барьснаас хойш зургаахан сарын дотор ам.долларын ханш 600 төгрөгөөр өслөө. Гэтэл Чингис, Самуурай Хөгжлийн банкны бондоо компаниудад валютаар зээлсэн бол өнөөдөр ханшийн зөрүүг компаниуд үүрнэ. Өөрөөр хэлбэл ардын намын урагшгүй бодлогоос болж ханшийн алдагдлыг тэр компаниуд үүрэх ёстой байсан уу. Хэрэв валютаар зээл олгосон бол компаниуд өнөөдөр хүнд байдалд орно. Тиймээс ханшийн алдагдлыг хэн нэгэнд тохох шаардлага байхгүй. Манай намын Засгийн газрын үед ам.доллар 1750-1950 төгрөгт хүрч бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 200 төгрөгийн ханш алдсан. Гэтэл 4,5-хан сар Засгийн газрыг барьсан ардын нам 600 төгрөгөөр ханш алдаад байна. Ингээд тооцохоор 694 тэрбум төгрөгийн 60-70 хувь нь сонгуулийн дараах үеийн алдагдал. 30-40 хувь нь өнгөрсөн Засгийн газрын үед алдсан алдагдал гэж хэлж болно. Иймд ханшийн алдагдлыг Ардчилсан намд 100 хувь хамаатуулж болохгүй.   

Танд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*