Дэлхийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж байна

2017 оны 1 сарын 11

ОХУ, Хятад, Иран улсууд хамтын ажиллагаа, нэгдмэл байдал нь харилцан хүч нөлөөгөө бэхжүүлэх арга юм гэдгийг харуулдаг. Дотоодын улс төр, эдийн засаг дахь АНУ-ын хөндлөнгийн оролцоо, нөлөөний эсрэг хараат бус, тусгаар байдлаа хадгалах нийтлэг ашиг сонирхол тэднийг нэгтгэж байна. Сирийн иргэний дайн, Ливийг бөмбөгдөж, Украины ардчилсан хувьсгал зэрэг үйл хэрэгт АНУ-ын хөндлөнгийн оролцоо зэрэг нь ОХУ, Хятад, Иран улсууд ижил байр суурь баримталж байв.

ЭДИЙН ЗАСГИЙН НЭГДМЭЛ БАЙДАЛ

Зүүн гар талаас Ираны ерөнхийлөгч Хассан Роухани, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, гадаад хэргийн сайд Сергей Лавров

Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг нь АНУ-ын эдийн засгийн хүч нөлөөг хамгаалж байдаг. Дэлхийн нөөцийн валют ам.доллараар олон улсын худалдаа наймааны ихэнх хувь нь явагддаг билээ. Харин өнгөрсөн оны сүүлээр Хятадын мөнгөн тэмдэгт юань Олон улсын валютын сангийн нөөцийн багцад албан ёсоор орж ирснээр ам.долларын хамаарлын эсрэг том алхам болов. Түүнчлэн Бээжингийн санаачилсан Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкинд 50 гаруй орон элссэн нь АНУ-ыг түгшээх болжээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын Төв банк ам.долларын нөөцөө нэмэгдүүлэхийн оронд Энэтхэгийн рупий, Хятадын юанийг илүүд үзэн худалдаа наймаагаа хоёр улсын мөнгөн тэмдэгтээр хийж байхаар ярилцаж байна. Хоёр орон ам.доллараар бус өөрсдийн мөнгөн тэмдэгтээр шууд худалдаа хийх нь харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хараат бус байдлаа бэхжүүлэхэд тустай аж. Энэтхэг, Иран улсууд газрын тосны наймаагаа рупийгээр, Хятад, ОХУ улсууд юаниар хийх болжээ.

Ам.долларын хамаарлаас ангижирснаар гарах өөр нэг давуу тал нь банк болон хувийн салбараар дамжуулан улс төрд нөлөөлөх явдал буурах юм. Хамгийн наад захын жишээ гэвэл Ираны гадаадын банкин дахь 150 орчим тэрбум ам.долларыг АНУ царцааснаас харж болно. Ираны эсрэг эдийн засгийн хориг хэмжээ авсан байх үед гол худалдааны хамтрагч нь ОХУ байсан бол Хятад улс Тегераны газрын тосыг юаниар худалдаж авах зэргээр дэмжиж байв.

ЦЭРЭГ, АРМИЙН НЭГДМЭЛ БАЙДАЛ

Зүүн гар талаас Ираны ерөнхийлөгч Хассан Роухани, Хятадын дарга Си Жинпин

Эдийн засгийн нэгдмэл байдлаас гадна Ойрхи-Дорнодын дайн, Украины төрийн эргэлт, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан зэрэгт АНУ-ын нөлөө юунд хүргэж болохыг дээрх гурван улс анзаарчээ. Украиныг Европын холбоонд нэгтгэснээр НАТО Москвагийн хаяанд дөхөж ирэхэд нэг алхам ойртон ирсэн нь ОХУ-ын тусгаар байдлын эсрэг том заналхийлэл юм. Түүнчлэн Ойрхи-Дорнодод Ирак, Сири, Ливийг “самарсан” дайн тулаануудад АНУ, Саудын Араб, Туркийн нэгдмэл байдлын эсрэг Иран ганцаардаж байв. Харин Өмнөд Хятадын тэнгисийн маргаан олон улсын худалдааг хаах чухал асуудал аж. Дээрх бүх нөхцөл байдалд АНУ-ын империализм аюул заналыш үүсгэжээ. Үүний эсрэг ОХУ, Хятад, Иран улсууд зэвсэглэлээ сайжруулах, цэргийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна.

2017 оны 1 сарын 11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна