Бөхөнгийн 700 гаруй сэг зэмийг устгажээ

2017 оны 1 сарын 11

Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн гэх мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөөд байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар ойролцоогоор 700 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгасан гэх мэдээллийг орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн өгч байна. Бөхөн өргөн уудам нутагт амьдардаг тул хаана, хэдэн бөхөн үхсэнийг яг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй байгаа аж.  

Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах нүхийг зохих журмын дагуу бэлтгэжээ. Мөн ДБХС-ийн Ховд дахь салбарын мэргэжилтнүүд бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж эхэлжээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг голомтын бүсэд ажиллаж байгаа гэх мэдээллийг өглөө.

Г.ИТГЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна
/*